Дамдины Сүхбаатараас эхлүүлээд хурандаа генерал Жамьяангийн Лхагвасүрэн хүртэл БНМАУ 59 Баатартай. Олноо өргөгдсөн Монгол Улсын Баатрууд болох Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн гээд нэмээд байвал энэ тоо бүр ч олон болно. Эд бүгд л Монгол Улсын үе үеийн тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг халуун амь, бүлээн цусаараа хамгаалж явсан баатрууд билээ. Тэдний дундаас Баясгалангийн Бадамыг онцолж байна. Баясгалангийн Бадам нь (1898 – 1947) 1968 оны зургадугаар сарын 14-нд Монгол Улсын 25 дахь Баатар болсон. Тэрээр Байтаг Богдын тулалдаанаас төрсөн Монгол Улсын Баатар юм.
Б.Бадам 1898 онд Шинжааны торгуудуудын дунд Ачит бэйсийн хошуунд төржээ. 1939 онд төрсөн дүү Очирын хамтаар БНМАУ-д ирж, бүрэн эрхт иргэн болжээ. Тэрээр Монголд гэр бүл, мал хөрөнгөтэй болж, Налайхын нүүрсний уурхайд ажиллаж байгаад Ховд аймгийн Булган суманд нутаглан амьдрах болжээ.
Б.Бадам нь 1940-1947 оны хооронд БНМАУ-ын баруун хилээр цөмрөн, дээрэм тонуул хийж байсан Гоминданы хятад, хасаг дээрэмчидтэй удаа дараа баатарлагаар амжилттай тулалдаж байв. Өмнө нь Хятадын Гоминданы армид цэргийн алба хаасан, хасаг хүмүүстэй хаяа дэрлэн нутагладаг байсан Бадам хасаг, хятад хэлийг сайн мэддэг байв.
1947 оны зургадугаар сарын 3-нд Байтаг Богдын Хужиртын голын эхэнд байрласан Гоминданы цэргийн ангийг өөрийн нутгаас үтэр түргэн зайлахыг шаардсан тулган шаардах бичгийг БНМАУ-ын нэрийн өмнөөс хүргэн өгөхөөр байлдагч Б.Бадам, Б.Чулуундай нар очиход нь дайснууд баривчлан авчээ. Б.Чулуундайг буцаан явуулж, Б.Бадамыг Гоминданы хятад, хасаг цэргүүд олон улсын харилцааны хэм хэмжээг үл хэрэгсэн, манай улсын бүрэн эрхт элчийг элдвээр тамлан, эцэст нь үсийг нь гал дээр хуйхлан, биеийг нь улайссан төмрөөр хайрч, нэвт сүлбэн цоргих зэргээр зэрлэгээр тамлан алсан байна.
Б.Бадам Баатарын түүх товчхондоо ийм. Тэгвэл Б.Бадам зүгээр нэг байлдагч байсангүй, түүний эх орныхоо төлөөх үйл хэрэг тулган шаардах бичиг хүргэж өгөөд баатарлагаар амь үрэгдсэн төдий байсангүй ээ.
Зэр зэвсэг агссан харийн цэргийн дайсагнасан түрэмгийлэл, зэрлэг балмадаар аллага, тонуул хийсэн Оспаны дээрэмчдийн учруулсан аюул заналын эсрэг дан ганц хилчин цэрэг дайчид тэмцсэнгүй. Далд фронтын дайчид болох тагнуулын байгууллагынхан баруун хязгаарт олон операци, тусгай ажиллагаа амжилттай гүйцэтгэсэний үр шим, их үнэ цэнээр ялалт, амжилт авчирч ирснийг Монголын ард түмэн бахархан дурсаж байдаг билээ.
Тэгвэл Б.Бадам нь тэдгээр далд фронтын дайчдын нэг байсан бөгөөд хурандаа Э.Гэрэлчулууны удирдлага дор олон тусгай үүрэг гүйцэтгэж байжээ.
Тодруулбал Э.Гэрэлчулууны үнэнч итгэлт нөхөд Ц.Уртнасан, Б.Бадам, А.Дүгэр, Х.Сүрэн нар цэл залуу насаа Монгол эх орон, ард түмнийхээ төлөө амь насаа зориулан тэмцэж дайсагнасан түрэмгийллийг зогсоон ялалтын түүхэн гэрч болон мөнхөд дурсагдах гавьяа байгуулсан юм.
Тэрээр Шинжаанд явж судалгаа хийх, бослого тэмцлийн толгойлогчдыг таньж мэдэх болон олон үндэстэн ястнаас бүрдсэн хошуудад суурьшуулан ажиллуулах тагнуулчийг сонгон судлуулах зэрэг ажлаар И.Хамхааш, Батбаярын Дүгэр, Батжаргалын Дүгэр, С.Чой, Б.Сахаан нарын зэрэг тагнуулчдынхаа хамтаар тодорхой чиглэл нутгаар 15 хоногоос гурван сарын хугацаатай маршрутаар явж ажиллажээ.
Улмаар 4000 гаруй торгууд иргэдийг Шинжаанд гарсан тусгаар тогтнол эрх чөлөөний хөдөлгөөнд татан оролцуулж чадсан аж.
Тагнуулчдын ирүүлсэн судалгаанд үндэслэн тагнуулын албанаас Шинжааны Хөх тохой, Чингэл хошуу, Алтай, Ховог сайрын нутагт буй гоминданы цэрэг, Оспаны бүлэг, хасгийн зэвсэглэсэн дээрэмчдийн байрлал, нутгийн иргэдийн суурьшил бусад мэдээллийн талаар тодорхой зураглал гаргасан байна.
Шинжааны босогчдын хүрээ өргөжиж, зорилго чиглэл нь өөрчлөгдөн, нэгдсэн удирдлага зохион байгуулалтад шилжих, зэвсэглэсэн хасгуудын бүлэглэлүүдийн дээрэм тонуулыг багасгаж чадсан байдал зэргийг харгалзан үзэн Монгол улсын Шиньжаан үндэстэн ястны хөдөлгөөний талаар баримтлах бодлого ч өөрчлөгдсөн юм. Дээрх тусгай ажиллагаанд Б.Бадам нь Шинжааны торгуудуудын дунд төрсөн, нутаг орчны байдлыг сайн мэддэг нь үүрэг гүйцэтгэхэд голлон оролцоход нөлөөлжээ.
1947 оны 6-р сард манай хилд нэвтрэн орж ирсэн гоминданы цэргийн ангийг нэн даруй хөөн гаргахын тулд тулган шаардах бичиг гардуулах үүргийг биелүүлэх хүнийг тагнуулчдаас сонгон явуулахыг хурандаа Э.Гэрэлчулуунд даалгасан юм. Тэрээр гоминданыханд тулган шаардах бичиг хүргэж өгөөд баригдахдаа хашир тагнуулчийн хувьд байдал бишдсэнийг гадарлан, дайснуудыг гэнэдүүлэн хөдөлж, хамт яваа нөхрөө зугтаалгаад өөрөө баригдсан.
Чулуундай нь өөрийн отряд руу буцаж, нэмэлт хүч авч очсон хэдий ч Бадамыг шонд хүлэн шатааж, амийг нь хөнөөсөн байжээ.
Гоминданчууд Бадамаас мэдээлэл авах гэж тамлахдаа чих, хамар гээд эд эрхтэн бүрийг нь нэг нэгээр нь огтолж, үсийг нь гал дээр хуйхлан, биеийг нь халуун төмрөөр хайрч, цоргих зэргээр биеийг нь нэвт сүлбэж амьдаар нь шатаажээ. Бадамд нь ингэж тамлуулж байхдаа, улсын нууцаа чанд хадгалсаар амь үрэгдсэн жинхэнэ Монгол Улсын Баатар хүн юм.
Б.Бадамын цогцсыг зургадугаар сарын 5-ны өдрийн тулалдаанаар дайсныг хилээс үлдэн хөөн гаргасны дараа олж аваад, дарга цэрэггүй эрэмдэглэгдсэн, Бадамынхаа биеийг хараад ихэд гашуудан уйлцгаасан гэдэг. Чулуундайг буцаахдаа өөрийгөө амьд эргэж ирэхгүй мэдсэн юмуу, өөрийн биеийг Уушигийн эхэн усанд оршуулаарай гэж захиснаар тэнд нь хөдөөлүүлсэн байдаг.
Ам дамжсан яриагаар Б.Бадам дайснуудаас амь гуйх нь бүү хэл харин ч тамлуулах тусам эх орондоо үнэнч гэдгээ баталж, дайснуудыг гутааж хорыг нь хөдөлгөж, шазуур зуусаар амиа өргөсөн гэдгийг олзны цэргүүд ярьж байсан гэнэ лээ.
БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1968 оны 6-р сарын 14-ний 146-р зарлигаар улсын баатар цол нэхэн олгож, АИХТ-ийн 1983 оны 7-р сарын 9-ний 140-р зарлигаар хилийн 6-р отрядын Өргөстэйн заставыг эрэлхэг хүү Б.Бадамын нэрэмжит болгон мөнхжүүлжээ. Түүний хөшөөг Ховд аймгийн Булган сумын төвд байгуулсан байдаг ба дурсгалын самбарыг 1988 онд оршуулсан газар нь босгожээ.