1958 оны 2-р сард Хятадын бүх л сонин хэвлэлд “дөрвөн хортонгийн тухай”, түүнээс хэрхэн ангижрах арга зам, компанит ажлын тухай бичиж эхэлжээ. Женьминь жибао зэрэг хамгийн том сонин нь дөрвөн хортонтой тэмцэх тэмцлийг “Хятадын түүхэн дэх агуу тулаан” хэмээн нэрлэж, иргэн бүрийг их тэмцэлд нэгдэхийг уриалж, шаардаж байлаа.
Эдгээр дөрвөн хор нь тариа будаа идэн сүйтгэдэг харх, шумуул, ялаа, болжмор байв. Жилийн турш үргэлжилсэн компанит ажлын явцад дөрвөн дайсны тухай яриа аажмаар мартагдан зөвхөн болжмор л үлдсэн байна.
Хятадын тухайн үеийн тооцоогоор нэг болжмор жилд 4,5 кг үр тариа иддэг учир 1 сая болжмор алахад л 60 000 хүний хүнс хадгалагдаж үлдэх ёстой байв. Хятад маягийн хялбаршуулсан математик, биологи гэж энэ.
Ингээд их удирдагчийн эхлүүлсэн кампанит ажил хүчээ авлаа. Хаа сайгүй улаан туг намирах ба болжмор гээч шувуу ямар нэг юман дээр суулгүй 10-15 минут нисэж байгаад бахардан шууд газарт унадаг учир болжморын амрах газар болгонд улаан туг намирсаар. Удалгүй улаан туг дээр нэмэгдэн хоолны сав балбах, хашхирах, чулуу шидэх, чавхаар харвах, буудах, үүрийг нь эвдэх гээд байж болох бүх л аргыг хэрэглэж байсан ба иргэн бүрийн оролцоотой энэ дайн бол ёстой дайн гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж байлаа.
Сонин сэтгүүлүүд фронтын байдлыг өдөр болгон мэдээлж баатарлаг гавьяа байгуулсан баатруудаа зураг хөрөгтэй нь тавьж алдаршуулан, ярилцлага авч, өнөө баатрууд нь ч их удирдагчийнхаа үйл хэрэгт үнэнч, бүр илүү олон дайсан устгахаа батлан илэрхийлсээр. Энд нэмэн хэлэхэд Хятадын шинжлэх ухааны академийн удирдагч, зохиолч, Мао, Сталины нэрэмжит шагналт Го Мо Жо гээч нь энэ ажлыг дэмжин “болжморыг үзэн ядах нь” хэмээх шүлэг бичсэнийг хэвлэлүүд тараан хүн болгоны уриа, амны уншлага болж эхэлсэн байна.
Болжмор, түүнтэй ойролцоо биетэй жижиг шувуу болгоныг устгах агуу их дайн эхэлсэн эхний гурван өдөр л гэхэд зөвхөн Бээжинд 401160 толгой шувуу устгажээ. Тоог нь харахад ямар их нямбай бүртгэл явж байсан нь тодорхой. (Өөр ийм тодорхой тоо, бүртгэлийг ямар улсад харж болно гэж бодож байна?)
Удалгүй их дайнд арми нэмэгдэн орж, тулалдаан улам бүр ширүүссээр 1958 оны өвөл гэхэд Хятадад бараг болжмор үлдсэнгүй. Тоо бүртгэгчид, ухуулагчид агуу ялалтын тухай ярьж бичиж байсан ба ойролцоогоор 30 сая тонн үр тариа хадгалж чадсан ялалтаа тэмдэглэж байлаа.
Ингэж Хятад нутаг болжморын там болсон байна.
Шинэ жил гаран дараагийн жил эхэллээ. Болжмор хэмээх гол дайсан нь алга болсон учир хятадууд шавьж нар галзуурч эхэлсэн байна. Тэдний өсөлт, үр тариа идэж байгаа хэмжээ нь болжмор байх үетэй харьцуулшгүй их болсон бөгөөд үүнээс болж ихээхэн том өлсгөлөн гарч, зарим нэг тосгон тэр чигээрээ хиарч байсан гэж тухай үеийн Хятадаас зугтаж гарсан цагаачид барууны хэвлэлд ярьж байлаа. (Иймэрхүү зугтаж гарсан нөхдүүдийн яриа ихэнхдээ будлиантай байдаг ) Өлсгөлөнгөөр амь үрэгдсэн хүний тоог янз бүрээр ярьж бичдэг ба 10-30 сая гэсэн тоо байдаг боловч чухам хэр үнэнийг хэлж мэдэх хүн үгүй биз ээ. 1960 онд их удирдагч болжмортой хийсэн дайныг алдаа байсан гэж үзээд болжмор биш харин шимэгч, шавьж нартай тэмцэх ёстой байсан гэж мэдэгдлээ. “Тийш д , шимэгч шавьжтай тэмцэх тэмцэлд урагшаа, хөөрхөн болжмор мандтугай. Зуваа”
Ингээд болжмор хэмээх ашигтай, хөөрхөн, сайн шувууг эргэн сэргээх хэрэгтэй болсон ба гай болоход Хятадад болжмор гээч юм үлдээгүй, бүгдийг нь аймаглан устгасан байлаа. Одоо яах вэ? Гадаадаас болжмор авна даа. Ах дүү Зөвлөлтөөс тусламжаар, Канадаас валютаар болжмор бөөн бөөнөөр авчирч суурьшуулж эхэллээ. Гадаадаас ирсэн болжморт айх аюул үгүй, хаа сайгүй үүр, байр засаатай, идэх амттай шавьж хорхой энд тэндгүй … Хятад нутаг болжморын диваажин болох нь тэр.
P.S
Хятадад хэдэн жилийн дараа бас нэг дөрвөн зүйлтэй компанит ажил өрнөсөн билээ. Тэр бол дөрвөн дээрэмчний хэрэг байлаа. Нас бараад удаагүй Дорнын их нар –Мао Зэдуны эхнэр тэдгээр дөрвөн дээрэмчний нэг нь байв.
Мао Зэ Дуны “үсрэлт” хэмээгч нь юу байв?
Бүгд найрамдах Хятад Ард Улс гэдэг тусгаар улс бий болоод хэдхэн жилийн нүүр үзэж, социализм хэмээх шинэ замналаар замнаж ихээхэн амжилтад хүрч байсан 1950-иад оны дундуур Мао дарга бүр ч их амжилтад хүрч, хуучирч хоцрогдсон газар тариалан, хөдөө аж ахуйн орон биш хүнд үйлдвэр бүхий үйлдвэржсэн хүчирхэг улс байгуулах тухай ярьж эхэллээ. Түүнд ингэж хэлж ярих үндэс байсан бөгөөд ЗХУ хэдхэн жилийн дотор ямар их амжилтад хүрсэн, 2-р дайны дараа маш богино хугацаанд улс орноо дахин үнс нурам дундаас босгож чадсан, Хятад улс 5 жилийн дотор гангийн үйлдвэрлэлээ 5 дахин нэмэгдүүлж чадсан, 1952-1957 онуудад Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт жилд 12% байсан гэх мэт олон зүйлс түүнийг зоригжуулж байлаа. Ажилчин анги,, хөдөө нутгаас бөөнөөр ирэх хуучин тариачид дунд Мао маш их нэр хүндтэй байсан бөгөөд тэд ч илүү их хөдөлмөр, илүү их амжилтад зүтгэхийг шаардаж байв.
Ингээд 1958 оны намар Мао дарга Их үсрэлтийн бодлогыг зарлаж хэдхэн жилийн эрс хүчтэй шинэчлэлийн үр дүнд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болох бололцооны тухай ярьжээ. Тэрээр аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээгээр 15 жилд Их Британийг, 30 жилд АНУ-ыг гүйцэж түрүүлэх зорилт тавьсан ба аж үйлдвэрийн зонхилох салбар нь хар металлургийн үйлдвэрлэл байх болно гэж зааж. Нэг жилийн дотор ширэм үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлж 20 сая тонн болгох, харин 1963 онд 100 сая(!) хүргэх “агуу” үүрэг тавилаа.
Ганц нэгхэн жилийн дотор металл боловсруулах том үйлдвэр барьж амжихгүй, бас техник болон боловсон хүчний гол найдвар болсон ЗХУ-тай харилцаа улам бүр хөндийрч байгаа зэргээс шалтгаалан эхний ээлжид хамгийн энгийн жижиг домен зуухнууд барьж ширэм үйлдвэрлэж эхлэхээр болсон байна.
Мао даргын үнэнч туслагч ажилчид дуу дуугаа авалцан жижиг домен зуух барьж эхэлсэн энэ кампанит ажилд нийт тоогоороо 100 сая гаруй хүн оролцсон гэдэг. Хөдөө тосгонд ч ялгаагүй энэ ажил тархаж тосгоны тариачид хашаандаа мөн л домен зуух барьж ширэм хайлуулан байсан бөгөөд хэдхэн сарын дотор нийт Хятад нутгаар 600 000-700 000 маш бүдүүлэг хийцтэй домен зуух барьсан ба зарим нь зүгээр л галд тэсвэртэй шавар болон бусад зүйлээр дотролсон төмөр торхнуудаа ингэж нэрлэж байв. Хийрхэл Хятад орныг нөмөрлөө.
1959 оны сүүлээр хийсэн тооцоогоор иймэрхүү домен зууханд хайлуулсан металлын хэмжээ 10 сая тоннд хүрсэн нь бодож төлөвлөж байсан хэмжээний хаана нь ч хүрэхгүй, хамгийн гол нь эдгээр хайлуулсан металлын чанар гэж дэндүү муу, ширмийг үйлдвэрийн зорилгоор ашиглах ямар ч аргагүй, төмөр болон ган хайлуулахад маш хэцүү, асар их зардал шаардсан ийм л ажил болсон байна. Зарим хүн Маогийн эхлүүлсэн энэ ширэм, ган хайлуулах ажлыг ямар ч үр дүнгүй зүйл болсон, жижиг домен зуух барихад хэдэн тэрбумаар зарцуулсан юань ямар ч өгөөжгүй үгүй болсон, сая сая тонн нүүрс олборлолт, сая сая хүн /ажлын цаг хоосон үрсэн, түүнээс болж өлсгөлөн гуйланчлал гаарсан гэж үздэг. Нэг талаар үнэхээр тийм бөгөөд Маогийн их үсрэлтийн бас нэг бодлого болсон дөрвөн хортныг устгах (“Хятадууд болжморын эсрэг дайнд ялагдсан түүх” гэсэн нийтлэлдээ бичсэн) бодлогын гай, хэдэн жил дараалсан ган зэрэг зовлонд хэцүүдэж байсан улс орныг Мао ингэж элгээр нь мөлхүүлсэн байна.
Гэхдээ эдгээр 3 жилийн хугацаанд үйлдвэрлэл 1958 онд 31%, 1959 онд 26%, 1960 онд 4% буюу жилийн дунджаар 20% гэдэг нь статистик үзүүлэлтээр бол дэндүү мундаг тоо юм. Богинохон хугацаанд боловч ямар нэгэн хэмжээгээр эдийн засгийн маш хүчтэй өсөлт үзүүлсэн энэ бодлого алдаатай байсныг 1959 оны дунд үеэс Пэн Дэхуай зэрэг нөхдүүд ширүүн эсэргүүцэж эхлэн, цаашдаа их үсрэлтийн бодлого дампуурах хэрээр Маог эсэргүүцэгч нар нэмэгдэж байлаа. Эцсийн дүн нь их үсрэлт ч үгүй болж, Мао ч хамаг нөлөөгөө алдсан байна. Гэхдээ Мао бууж өгөөгүй бөгөөд түүний их үсрэлтийн бодлогыг засаж залруулж байгаа нэрээр капитализм байгуулж байгаа гэж үзсэн Дэн Сяопин, Пэн Дэхуай, Лю Шаоци зэрэг нөхдөөс соёлын хувьсгал хэмээх бас нэг аймшигт завхралын үеэр хариугаа авсан билээ.
Хятадын Коммунист намын архивын мэдээгээр бол 1958-1962 оны хоорондох өлсгөлөнгийн үеэр 45 сая хятадууд өлсөж үхсэн гэдэг ба их үсрэлтийн он жилүүдэд 70 тэрбум доллартай тэнцэх буюу улсын нийт үйлдвэрлэлийн 1/3-тэй тэнцэх хэмжээний хөрөнгө үрэн таран болсон ажээ.
“Муу барыг нутагтаа орогнуулсан Хрущев бол…”
Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Хятад улс, үндэстэн гэж дэндүү агуу, дэндүү сонирхолтой түүхтэй улс. Одоогийн зарим нэг өндөр хөгжилт соёлт улс үндэстнүүд бараг “модноосоо буугаагүй” байхад л техник технологийн үсрэлт хийж, хөгжин цэцэглэж, сөнөж мөхөж, бусдын газар нутгийг эзэлж, эзлэгдэж байснаас гадна ер бусын гэмээр том зорилго тавьж түүндээ хүрсэн олон хаад ноёдтой, түүнээс дутахгүй арчаагүй хулчгар зан бүхий өчнөөн олон эзэд, хуандийтай улс байжээ.
Энэ удаа Хятадын түүхэн дэх хамгийн том хаан байж болзошгүй нэгэн хүний засаг барьж байх үеийн тухай хэдэн хачирхалтай баримтыг эргэн саная.
Тэр хүн бол Тан, Сун, Юань, Мин, Чин, БНХУ…зэрэг улсын (династын) хаан, эзэн биш харин БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга Мао Зэ Дун юм. Хятад улсын 20-р зууны түүхтэй холбоотой олон том үйл явдалд энэ хүний үүрэг нөлөө маш их байсан ба Хятад улс тусгаар тогтнолоо зарласан, Их үсрэлт, Соёлын хувьсгал… гээд тэдгээр үйл явдлуудыг тоочих шаардлага үгүй болов уу.
Мангог шүтсэн нь
Манго гээч нэгэн сайхан жимс Хятад улсад ургадаггүй байсан юм байж. 1968 онд Пакистаны гадаад явдлын яамны сайд Маод манго жимс бэлэглэсэн бөгөөд дипломат ёсоор бол ёстой л үл ялих бэлгэ тэмдэг төдий бэлэг байв. Энэ жимсийг “Дорнодод нар мандах”-тай цуг төрсөн тэр нөхөр (Дорнодод нар мандаж Хятадад Мао төрлөө гэсэн энэ дуу Монголд ч гэсэн цөөнгүй дуугарч байсан юм билээ) ард түмэнтэй уулзах үеэрээ хүмүүст өгсөн нь манайхаар бол Богдын сунтагаас адис авч байгаа аятай юм болж хувирч.
Б**стай л болохоос бурхан болсон энэ хүний өгсөн тэр ариун жимсийг ард нийтээрээ тахин шүтэж сүйд боллоо. Тухайн үед Жинмэнь Жибао сонинд бичсэнээр бол энэ жимсийг харсан ажилчин түмэн баярын нулимс унаган их удирдагчдаа баярлаж талархаж буйгаа илтгэн дуулан бүжиглэж байсан юм гэнэ лээ. Нэгэн нэхмэлийн үйлдвэрт энэ жимсийг улаан буландаа шүтээн болгон тавьснаар бүх л ажилчид уг жимсэнд хандаж баярлаж талархсан үг хэлж байж ажлаа эхэлдэг болсон гэдэг. Жимс муудах үед шинээр дууриалган хийж мөргөн талархсаар.
Ард түмэн ариун жимсийг тахин шүтэж байх үед нэг шүдний эмч нөхөр хаанаас ч юм олж авсан манго жимсийг идэж үзээд “сүйд болох зүйлгүй, амтат төмстэй ойролцоо амттай“ байсан тухай ярьж гэнэ.
-Муу хувьсгалын эсэргүү юу гэнэ ээ… турсагыг нь хуулаад өг… Эмч шоронд орж, удалгүй дээд хэмжээ авсан юм байх.
-Болж муу хувьсгалын эсэргүү… Дорнодод нар мандаж Хятадад Мао төрлөө…
Соёлын хувьсгал ба багшаа зодох “моод”
Энэ үйл явдлын тухай “Штаб руу гал нээгээд” хэмээх нийтлэлдээ бичсэн учир энэ удаа ганц нэгхэн тоо л дурдъя.
Зөвхөн 1966 онд 91 сургуулийн сурагч-улаан хамгаалагч нар багш нарыгаа зодож хүмүүжүүлэн “буруу үзэл бодлоос” нь салгасан бөгөөд тэдгээрийн цөөнгүй нь төрөл арилжиж байж тэрхүү “буруу зүйлээсээ” салсан юм. Эхлээд багш нартаа янз бүрийн доромж үгтэй самбар зүүлгэн гудамжаар шившиглэн явахдаа бэх болон буцлам ус цацах, саваа модоор зоддог байснаа сүүлдээ бүр хойд насанд нь илгээдэг болжээ. 1966 онд сурагчдынхаа гарт 18 багш эрсэдсэн гэдэг тоо байдаг бол харин иймэрхүү явдлыг тэвчиж чадаагүй багш нарын тоо гэж байдаггүй юм байна. Ямар ч байсан 18 гэсэн тооноос их, бүр маш их юм гэсэн юм л харагдана.
Бар
“Хятадууд болжморын эсрэг дайнд ялагдсан түүх” хэмээх нийтлэлдээ дөрвөн хортон болох харх, ялаа, шумуул, болжморын эсрэг хийсэн хятадуудын дайны тухай товчхон бичсэн билээ. Тэгвэл тэр үед буюу 1959 онд Мао дарга бас гэнэт бар гэдэг амьтанд дургүй болж. Хөдөө тосгонд өлссөн бар давхиж орж ирэн хүн барьсан тохиолдол хэд хэдэн удаа гарсны дараа ийнхүү Маогийн дайсан болсон нь тэр. Мэдээж ийм муухай хортой амьтан болох бар, түүнтэй адил муухай чоно, ирвэс зэргийг үр удамгүй болтол нь устгах хэрэгтэй. Иймэрхүү “ангийн дайснуудыг” ард олноороо хайн олж илрүүлж, устгаж байсан учир тоо толгой нь эрс цөөрч яг л өнөөх болжморын дайн шиг зүйл болох шахаж. Хятадын дайсан бар нь хойд зүг рүү, хүн амьтан багатай ЗХУ-ын нутаг руу хулжин зугтсан учир арай л дуусчихсангүй үлдсэн юм гэнэ.
“Муу барыг нутагтаа орогнуулсан Хрущев бол ревзонист…” гэх мэтийн яриа хөөрөө зөндөө л гарч байсан болов уу.
Гэрлэн дохио, марк
Хятад орныг нөмөрсөн туйлшрал хэмжээ, хязгаараа алдаж, ухаан солиорсон гэмээр улаан хамгаалагч хүүхдүүд хэр хэмжээгээ мэдэхээ байснаар хувьсгалын эсрэг үзэл бодолтой байж болох хүн төдийгүй эд зүйлийг ч хайж устгаж байна гэсэн хийрхэл улс даяар тархаж байлаа. Нэгэн их хувьсгалч нөхөр гэнэт ”Улаан гэрлээр машин зогсдог нь буруу. Хувьсгалын өнгө бол улаан өнгө учир улаан өнгө хувьсгалын их урагшлах аянд саад болох ёсгүй. Тиймээс улаан өнгөөр явж, ногоон өнгөөр зогсож байх хэрэгтэй” гэсэн яриа нь дэлгэрч замбараа цадиг алдагдаж эхэлж. Харин Хятадын ерөнхий сайд Жоу Энлай нь энэ балай зүйлийг эрс эсэргүүцсэнээр ногооноор явж улаанаар зогсдог журам устаж алга болсонгүй өнгөрчээ. Гэхдээ тэр улайрсан хүүхдүүдийг эсэргүүцвэл өөрийнх нь хүзүү толгой салж мэдэх учир хашир Жоу эсэргүүцлээ ихээхэн өвөрмөцөөр тайлбарласан байдаг. “Улаан гэрлээр зогсоно гэдэг нь нам маань хувьсгалын үйл хэрийг хянаж, ямар нэг аюул осолд өртөхгүй байхыг, чиглэсэн замаасаа гажихгүй байхыг анхааруулж буйн бэлгэ тэмдэг юм” хэмээжээ.
Их удирдагч Мао шуудангийн маркийг үзэн яддаг, марк хэмээх эрээн цаас цуглуулах нь бузар хөрөнгөтний гаралтай зан үйл гэж үздэг учир түүнийг устгах тушаал гаргажээ. Маркийг ямар нэг байдлаар хадгалах, ашиглах бол хувьсгалын эсрэг хэрэг учир тийм хүнийг шүүж шийтгэх ёстой болж. Маогийн хэлсэн өнөөх “Хоосон цагаан цаас” нь (Ард түмэн гэдэг бол юу ч бичиж болох хоосон цагаан цаас. Мао) үүнийг ёсчлон биелүүлж байгаад удирдагч талийгаач болсны дараа л энэ шийдвэр хүчингүй болжээ. Сонирхолтой нь Хятадын соёлын хувьсгалын үеэр гарсан, үлдэж хоцорсон марк одоо дэлхийн хамгийн үнэтэй маркуудын нэг байдаг аж. Хятадын түүхэн дэх нэгэн “Их хуандий” болох Мао Зэ Дуны засаглалын үеийн Хятад орон гэж нэг иймэрхүү л байж.