Манайхан ер нь нэг л хэл амаа олж өгөхгүй асуудал дээр ухамсрын шанаагаар үзэл бодлоо илэрхийлчих гээд байдаг улс. Бөхчүүд дэвжээн дээрээ, бөхийн хорхойтнуудынхаа нүдэн дээр нэгэндээ ухамсрын шанаа өгөх энүүхэнд, улстөрчид ч яаж дутах вэ ордондоо бас “өгч авалцана”. Гэхдээ энэ бол түүхэнд үлдэхүйц ухамсрын шанаа биш аж. Зүгээр л аахар шаахар, тулга тойрсон асуудлаа ингэж шийдэх гэж оролдоно. Харин түүхэндээ гэх үү, эрт цагт гэх үү, монголчууд баргийн юман дээр гар хөдөлгөж намба алдаад байдаг улс биш хэрнээ улс орныхоо эрх ашиг хөндөгдөх асуудлуудад хэнээс ч айж эмээлгүй байр сууриа хатуухан илэрхийлж байж.
Эрт үед бол сэлэмний ир, жадны үзүүрээр л ярьдаг байсан нь тодорхой.
Ойрмогхны нэг жишээ дурдахад Ерөнхий сайд асан П.Гэндэн байна.
Тэр угаас ам хэл түргэн, үг яриа хурц, омголон цочмог нэгэн байж. Нөгөө талаар олсон боловсрол бага ч хар ухаан сайтай, түргэн гүйлгээ сэтгэдэг удирдан зохион байгуулах байгалийн авьяастай хүн байжээ. Энэ бүх шинж чанарууд нь Монголын нам, төрийн томоохон албан тушаалд байх бүхий л үеийнх нь турш сайн муугаар илрэн гарч байлаа.
Гэхдээ тэрээр үг яриа хурц, омголон цочмогынхоо хувиар улс эх орныхоо хувь заяаг хөндсөн ямар ч асуудал дээр хэний ч өмнө нуруу цэх зогсож, байр сууриа хамгаалж чаддаг л нэгэн байж.
Тиймээс ч Сталинаас айлгүй, гаансыг нь хуга цохиж чадсан цорын ганц хүн хэмээн Пэлжидийн Гэндэнг ярьдаг билээ. Үнэндээ гаанс хуга цохих нь ч юу юм, тийм баримт түүхэнд үлдээгүй ч нэгэн дайллага дээр согтуугаар Сталинтай хэрэлдэж, агсан тавьсан зэрэг явдал болсон тухай тэмдэглэгдсэн байдаг. Харин тэр ширээ тойруулж хөөсөн, гаансыг нь хуга цохисон гэдэг нь зүгээр л давс яриа болтой.
Гэсэн ч П.Гэндэн И.Сталины өмнө хоосон ч үгүй л байсан байх.
Бүр ойрхны нэг жишээ байна аа. БНМАУ-ын маршал, удирдагч Хорлоогийн Чойбалсан нэгэн удаа Тувагийн төрийн тэргүүн Салчак Калбакхорекович Токатай уулзжээ. Монголчууд Салчаг Тогоо гэх ба манайхаар бол Тувагийн Чойбалсан л даа.
Тэрээр Туваг Зөвлөлт Оросын бүрэлдэхүүнд оруулах ажлыг гол санаачлагч, автор нь аж. Тиймдээ ч парламент буюу ардын хурлаа сэмхэн хуралдуулаад улсаа том гүрэнд нэг мөсөн нэгтгэж харьяат нь болох тухай санаачлага гаргаад Москва руу явуулж орхижээ.
Ингэхийнхээ өмнөхөн Улаанбаатарт, бүр тодруулбал Ленин клубын байранд Х.Чойбалсантай уулзжээ. Одоогийн Төв шуудангийн уулзварын дэргэдэх Ленин клуб шүү дээ. Тэр үед төр засгийн томчууд, гадаад дотоодын төлөөлөгчдийн албан, албан бусаар уулзаж, хэлэлцэх ганц тохилог байр байж. Салчак Тока Туваг Орост нэгтгэх санаагаа ч дуулгаж, ам дамжсан яриагаар бол БНМАУ ч гэсэн ийм замаар замнах нь зүйтэй хэмээн араасаа дагуулах аятай зүйл ярьсан байна.
Х.Чойбалсан түүнд нэг л хариу өгсөн бөгөөд унатал алгадсан эсхүл цохисон гэдэг юм билээ. Аль нь байлаа ч албан бус уулзалт учир протокол, тэмдэглэл үлдээгүй хэрнээ тэр үеийн олон хүн гэрчилж хожим хойно бидний үе хүртэл яригдсаар ирсэн түүх юм.
Бүх байдлаараа Зөвлөлтийн хараат орон, удирдагчид нь ч Москвагаас томилогддог цаг дор Х.Чойбалсангаас гарсан энэ ааш хэтэрхий эрсдэл дагуулсан, зоримог үйлдэл байж. Олон нөхдийнхөө, монголчуудынхаа амь насаар авч үлдсэн тусгаар тогтнолын үнэ цэнийг сайн мэдэж байсан болохоор Салчак Токагийн саналд биеэ барихааргүй их бухимдсан нь тодорхой.
Харин Тувадаа эргэн ирээд Салчак Тока дээр дурдсанаар саналаа Москвад илгээсэн бөгөөд үр дүн нь өнөөгийн Оросын Холбооны Бүгд найрамдах Тува улс. Энд тэндгүй сүндэрлэсэн Салчак Токагийн хөшөө. Харц ардын хүүхэд байгаад, харгис феодалуудын гараас улс орноо салгах гэрэл гэгээ Москвагаас гарч байгааг олж харсан Салчак Токагийн тухай ном, зохиол.
Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв. Х.Чойбалсан
Түүхч, нийтлэлч Доржийн Сүрэн
Өөр нэгэн түүх: Маршал Х.Чойбалсан Чингисийн онгоныг оллоо хэмээн цэргийн анги мордуулж байжээ
Нэг удаа Маршал дуудав. Тэрээр манай Монгол чинь өөрийн гэсэн цаг тоололтой юм шүү дээ. Түүнийгээ сэргээх хэрэгтэй байна. Бид Сар шинээ ч мэдэхээ байх нь. Тэр чинь бидэнд хамаагүй юмаа гэхэд малчдад маань хэрэгтэй. Би нэг хүн оллоо, чи нэг өрөө гаргаж, туслах барих хүн гаргаж хуанли хийлгүүл гэв. Чингээд хуучин зурхайч явсан Даваасамбуу гэдэг Цагдан сэргийлэхийн нэгэн дарга Хүрээлэн дээр хоёр сар сууж анхны малчны календарыг хийж билээ. Би хааяа тэдний өрөөгөөр орж, хийж байгаа юмыг нь сонирхож, хэрэгтэй хэрэггүй юм асууна. Тэрээр бид одон зурхайн аргаар ажиллаж байна. Тасалдаад удаж байгаа болохоор хөөж бодох юм нэлээд байна. Эцсийн эцэст энэ маань сар мичдийнхээ орчилтой яг тохирч байх ёстой юм шүү дээ гэж байсан сан. 40 жилийн дараа би нэг удаа Бүрэн суман дээр зурхайч Дашдамбатай таараад энэ өдөр чинь сарныхаа тэргэлтэй зөрөөд байгаа юм биш үү гэхэд тэрээр харин тийм ээ, бид мэдэж байгаа мөртлөө засахгүй л яваад байгаа юм гэж байж билээ. Энэ бол яахав, зурхай мэдэхгүй хүнд л зориулсан үг л дээ.
Манай малчны анхны цаг тооны бичиг Маршалын санаачилгаар тэгж гарсан түүхтэй юм аа. Түүнийг сайн мэдэхгүй хүмүүс сүүлийн үед янз бүрийн л юм ярьж, бичээд байх шиг. Яг тэр цаг тооны бичгийг хийж байх үеэр улсын их сургуулийн тооны багш Баранова надтай уулзаж танайд нэг зурхайч байдаг гэнэ, намайг тэр хүнтэйгээ уулзуулж өгөхгүй юу гэж хүсэхэд нь би түүнийг дагуулан очиж танилцуулж билээ.
“Тэр авгай чинь хоёр том хар дэвтэр дүүрэн тэмдэглэл хийж аваад явсан гэнэ билээ” гэж сүүлд Цэвэл гуай ярьж байсан сан. Тэр цагаас хойш л манайхан цагаан сараа их бага, ил далдаар тэмдэглэж эхэлсэн байх.
Маршал үе үе жижиг сажиг гэмээр юман дээр “түргэн” авахуулна. Нэг удаа Гачууртын аманд зураг хөрөгтэй нэг хадан хясаа байна гэнэ. Түүнийг очиж үзээд надад илтэг гэв. Манай түүхийнхэн очиж зургийг нь буулгаж ирээд энд тэндгүй байдаг буган бичээстэй хадны л нэг байна гэдэг юм байна. Үүнийг тэр хавьд нутаглаж байсан Бадамхатаны аав л мэдээлсэн бололтой юм билээ. Сүүлд очиход түүний ихэнхийг барилгын материал болгон буулгаж кубэлсэн байж билээ. Бас Дорноговь аймгийн нутагт нэг том хаш чулуу байна гэнэ. Мэргэжлийн хүн явуулж түүнийг эвдэж гэмтээлгүй авч ир гэв. Бид геологич Лувсанданзанг явуулж авч ирүүлэв. Тэр нь гоёмсог, шингэн тунгалаг өнгөтөй, бараг төлөгний чинээ том ногоон чулуу байсан бөгөөд харамсалтай нь хаш биш байв. Нэг удаа Хэрлэн голын ёроолд чулуун байшин байна гэсэн мэдээ авчээ. Чингээд цэргийн анги мордуулж нууцлан малтуулахад зүгээр л чулуун эрэг байжээ. Чингис хааныг голын ёроолд оршуулсан гэдэг домгийг тэрээр мэддэг байжээ. Тэгээд л булш нь олон жил усанд идэгдээд өөрөө гараад ирчихсэн байх хэмээн горьдсон байж таарна.
Тэр цагаас хойш Чингисийн онгоны талаар их ярьж, их бичиж, бас ч гэж багагүй эрэл хайгуул хийв бололтой.
Хүрээлэнгийн манж архив, төвд номын фонд, тусгай хэмээх хориотой (нууц) номын фондын хадгаламжийн байдлыг Маршал үе үе сонирхон асуудаг байв. Ер нь тэрээр Хүрээлэнгийн номын санд сүрхий анхаарал тавьж байсан бөгөөд Японы олзлогдогсдоор бариулсан Засгийн ордон, Гадаад яам зэрэг томоохон барилгуудын айргийн тавд Улсын Номын Сангийн барилгыг оруулж, түүний тулгын чулууг өөрөө тавилцаж байв. Мөн Дотоод яамны сайд Гандангийн Жанрайсигийн сүмийг буулгаж өөрийн яамны сургуулийн барилгад тоосгыг нь ашиглах гэсэн саналтай Төв Хороогоор явж байна гэсэн мэдээг сонсоод бид уран барилгын дурсгал болох уг сүмийг хэрхэн аврах тухай орос, монгол мэргэжилтэн нараа оролцуулан зөвлөлдөв. Чингээд түүнийг түүхийн дурсгал мөн гэдгийг нотлохын хамт Голын Ногоон Сүмд зах зухаасаа ялзран эхлэж байсан улсын архиваа тийш нь шилжүүлэн байрлуулах тухай санал боловсруулж Маршалд хүсэлт тавихад түүнийг маань ёсоор болгож билээ. Жанрайсигийн сүм маань тийнхүү өөрөө аврагдаж, бас улсын архивыг авралцсан юмдаг.
Цэвэл, Амгалан гуай хоёр Бургалтай явахдаа Амарбаясгалант хийдээр, Хар Хорин явахдаа Хөшөө Цайдмаар орж байдалтай нь танилцаад ирээрэй гэж надад захисан юм. Би хөгшчүүдийн даалгаврыг биелүүлж ирээд тэндэхийн байгаа байдлыг ярихад тэд надад уг газруудын үүх түүхийг хуучилж, Маршалтай уулзахдаа эн тухайгаа ярихад гэмгүй байх шүү гэдэг санааг өгч билээ. Маршалд танилцуулахад та нар нутгийн нэгэн боломжийн хүн олж харж хамгаалуулах талаар юм бод. Морьтой унаатай улс эргэж тойроод байхад юухан байх вэ. Хэд гурван төгрөгийн шан өгдөг юм байгаа биз гэв. Бодвол манай хашрууд гар бариад бугуй барих гэгчээр Эрдэнэ Зууг засаж байгаа юм чинь Амарбаясгалантыг бас тэгэх байх гэж битүүдээ горьдож байсан байх л даа. Аль ч талаас нь бодсон тухайн үед сүм хийдийг тийнхүү зэрэг зэрэг сэргээн засварлах боломж байгаагүй нь мэдээж. Гэхдээ Маршал тэр үед түүх дурсгалын зүйлд ихээхэн анхаарал тавьж байсан бөгөөд түүнийг үрэн таран болгосон нэгэн цагийн тухай харамсаж байсан болов уу гэж боддог юм. Чухамхүү энэ үеэс л манайд түүхт дурсгалын зүйлээ хамгаалах, сэргээх ажил эхэлж, тэр нь улмаар байгаль дэлхийгээ дархлах, ховор ан амьтнаа хамгаалах хөдөлгөөн үүсэхэд нөлөөлсөн юмдаг.
Нэгэн үе сүм хийд хаагдаж, мөргөл эргэл зогсож, шашин бурхнаасаа хөндийрч эхэлсэн бол тэр байдал дөчөөд оноос засагдаж, Хүрээлэнгийн номын санд ажиллаж байсан Эрдэнэ-Пил, Гомбодоо, Гомбожав нарын эрдэм номтой лам нарыг татан авч, Гандантэгчилэн хийдийн хурал номыг сэргээн явуулах ажлыг Маршал өөрөө гардан хийсэн гэж тус Хүрээлэнгийн өвөгчүүл ярьдаг байлаа. Ямар ч гэсэн Чойбалсангийн үед бурхан шашин маань тасалдаж ч үзсэн, сэргэн тогтож ч үзсэн нь түүхийн үнэн байж таарна. Энэ бүхнээс Маршалыг сүүл рүүгээ гагцхүү хуучны юманд талтай болж, шинэ юманд хойрго байсан байх гэж бас болохгүй. Хүүхэд, өсвөр үеийн сурч боловсроход анхаарал тавьж, сургуулиа Зөвлөлтийн боловсролын тогтолцоонд шилжүүлж, тэдний сурах бичгүүдийг орчуулан хэрэглэж, Улсын Их Сургуулийг байгуулж, дээд боловсролтой мэргэжилтэнг өөртөө бэлтгэж, Монголын түүхийн анхны нэгэн ботийг бичүүлж, монгол хэлний анхны тайлбар толийг зохиолгож байсан зэрэг тэр үеийн олон олон үйл явдлууд цөм түүний нэртэй ямар нэг хэмжээгээр холбоотой.
Урианхан Б.Жаргалсайхан /“Хувь тавилангийн эрхшээл” дурсамжийн номын хэсгээс/
Өөр нэгэн түүх: Бүх ард түмний санал хураалт-1945
1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монголчууд тусгаар тогтнолоо баталгаажуулах ард нийтийн санал хураалтад оролцож байжээ. Монголчуудын хувьд тусгаар тогтнолоо ард нийтээрээ баталгаажуулсан түүхэн өдөртэй холбоотой түүхэн баримтуудаас онцолж байна.
Их гүрнүүдийн шахалтад орсон БНХУ 1945 оны 8-р сарын 14-нд “ЗХУ болон Хятад улс найрамдалт холбоо тогтоох хэлэлцээр”-т гарын үсэг зурж, байгуулсан гэрээгээр БНМАУ-ын тухай 2 этгээд тохиролцохдоо “Японыг ялсны дараа, Гадаад Монголд Ард иргэдийн санал хураалт явуулахыг БНХУ-ын Засгийн газар зөвшөөрөв.
Түүний ард иргэд тусгаар тогтнолыг сайшаах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв ард иргэдийн санал хураалтын дүнд тусгаар тогтнолыг сайшаавал БНХУ-ын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна” гэж заасан байна.
ЗХУ болон Хятад улс найрамдалт холбоо тогтоох хэлэлцээр
Энэ хэлэлцээрт БНХУ буюу Гоминданы Хятадын талаас ерөнхий сайд Сүн Зи Вен, Гадаад яамны сайд Ван Си Зы нар оролцсон.
“Монгол улсын тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм” гэсэн мэдэгдэл нот бичгийг Бүгд Найрамдах Хятад улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс Монгол улсад 1945 оны 08 дугаар сарын 14-ны өдөр илгээсэн байна.
Уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдээс 1945 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 76 дугаар хурлаас тогтоол гаргажээ. Үүнд “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай” хэмээн заасан байдаг.
Харин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 10 сарын 5-ны өдрийн 85 дугаар тогтоолд: “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагджээ.
Санал хураалтын төв комиссыг БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндээр даргалуулан байгуулж, орлогчоор Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав, нарийн бичгийн дарга Г.Дамба, Б.Ширэндэв нар томилогджээ. Ухуулга таниулгын хуудсыг Улаанбаатарт хэвлүүлж, орон нутагт тарааснаас гадна улс даяар 13,000 удаа хурал цуглаан зохион байгуулж малчин, ард, ажилчин, сэхээтнүүдийг оролцуулсан. Санал хураалтын төв комиссын дарга болон орлогч нар аймаг бүрийг хуваарилан авч, өөрийн биеэр бэлтгэлийн ажлыг зохион байгуулсан байна. Ийнхүү 1945 оны 10 сарын 20-нд улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан юм.
Санал асуулгыг нийт 4,251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад 494,074 хүн бүртгэгджээ.
Тэдгээрээс 487,285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгсөн байна. Харин үлдсэн улс нь буюу 6,791 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг байсны улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ. Санал хураалтанд оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн түүхэн баримт өнөөдөр Монгол улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байна.
Санал хураалтад “будлиан” орно гэж Хятадын засгийн газраас тусгайлан Ли Фа Жан тэргүүтэй төлөөлөгчид ирж 1945.10.20-нд санал хураалт эхлэхэд ажиглалт хийсэн байна.
Харин саналын дүнг санал хураасан өдрийнхөө маргааш, нөгөөдөр нь нэгтгэн дүгнэж, Төвдөө мэдээлж байжээ. Зарим санал авах газар мэдээгээ 11:00 гэхэд хийж дууссан байсан тул санал хураалтын дүнг нэгтгэхэд асуудал гараагүй ажээ.
1940 он гэхэд Монголчуудын тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байлаа.
Иймээс санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулсан байдаг юм. Гарын үсэг зурагчдын дийлэнх нь Монгол бичгээр бичсэн бол кирилл үсгээр тун цөөн хүн гарын үсгээ зурсан байна.
Энэхүү санал хураалтын дүнг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны XI сарын 10-нд батлаж, түүнийг хэвлэлд нийтэлж, ЗХУ ба Хятад Улсын Засгийн газарт тус тус мэдэгджээ. Хятадын гоминданы Засгийн газар Гоминдан намын төвийн байнгын хорооны 16-р хуралдаанаар Ар Монголын төрийн тусгаар тогтнолын тухай санал хураалтын дүнг хэлэлцээд БНХУ, БНМАУ-ын тусгаар тогтнолыг 1946 оны 1 сарын 5-ны өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна.
Үүний дагуу 1946 оны нэгдүгээр сарын 12-нд Хятадын Гадаад яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, баталсан тухай нот бичиг ирүүлсэн юм. Уг нот бичигт “10 сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын дүнгийн тухай таны нотыг хүлээн авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах Дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын Засгийн Газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр энэ нотыг явуулав” гэжээ.