Монголын эзэнт гүрний Хархорум хотноо 1235 онд Өгэдэй хаан их хуралдайг зарлан хуралдуулан баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх төлөвлөгөө боловсруулж хэлэлцсэн байна. Гэвч тэр хуралдай дээр баруун зүгт хийх аян дайны талаар үнэхээр хэлэлцсэн эсэх, албан ёсны түүхийн сурвалжид чухам юуны талаар хэлэлцсэн нь тодорхой бус байдаг. Зөвхөн Кибчагын эсрэг дайныг (Өрнө зүгийн дайн) л хэлэлцсэн. Учир нь баруун зүгийн Европын улс орнуудыг дайлахаар шийдсэн бол Чингис хааны үед Хорезм хэмээх ганц улсын эсрэг хийсэн аян дайнаас цар хүрээний хувьд том оролцсон цэргийн тооны хувьд ч том байх ёстой. Кибчагын эсрэг хийсэн энэ аян дайн нь 1223 оны Зэв, Сүбээдэй нарын Мухамед шахын араас нэхэн аялан байлдсантай цар хэмжээ ойр цэргийн тоо ч адил байна. Хорезмыг байлдан дагуулах үед Монголын цэргийн тоо 120-140 мянгын хооронд байж Зэв, Сүбээдэй нар 20-30 мянган цэргээр Мухамед шахыг нэхэж байсан. Харин Бат хаан Кибчагуудын араас 40-50 мянга орчим цэргээр нэхсэн зэргээс үзэхэд энэ удаагийн дайн нь Европ болон Оросуудын эсрэг биш харин Кибчагуудын эсрэг чиглэсэн аян дайн байжээ.
Монголчууд Кибчагуудтай дараах учир шалтгааны улмаас байлдсан юм. Чингис хааны цэрэгт 1208 онд бут цохиулсан Мэргэд аймаг баруун тийш дутаан Кибчагуудын ивээлд очиж хорогдсон бөгөөд Монголын баруун хойд талаас аюул учируулж болзошгүй байлаа. Тиймээс түүнийг яаралтай устгах үүргийг 1216 он, 1222 он, 1223 онд Зэв, Сүбээдэй нарт өгч байжээ. Мөн Хорезмын аян дайны үед Хорезм султаны цэрэгт олон тооны Кибчаг цэргүүд байлдаж Монголчуудад ихээхэн хохирол учруулж байжээ.
Кибчагын аян дайныг манлайлан удирдагчаар Зүчийн хүү Бат томилогдсон байна. Бат их хааныг дагаж Хятадад аян дайнд оролцохдоо жанжны суу билэгээ харуулж ихэд үнэлүүсэн билээ. Түүний зөвлөхөөр тухайн үед 60 орчим настай Сүбээдэй, мөн “Бурундай” хэмээх нэрээрээ өрнөдөд алдартай Боролдай болон бусад баатарууд явсан байна. Сүбээдэй жанжин цэрэг удирдахаас илүүтэй эрх мэдэлдээ эрэмшсэн хан хөвгүүдийн эе эвийг олж, нэгэн удирдлагын дор зохицуулах ихээхэн төвөгтэй үүргийг хүлээсэн юм.
Кибчагчин аян дайны замд ижил мөрний Булгар (Волжинский Булгар) хэмээх томоохон улс Монголчуудын замд саад болж байсан юм. Булгар бол тухайн үедээ сайтар зэвсэглэсэн чадвартай хүчирхэг морин цэрэгтэй, давшин байлдах хийгээд хориглон байлдах арвин туршлагатай нүүдэлчин суурин амьдрал хосолсон ард түмэн байжээ. Торгоны замын нэг хэсэг салаа нь Булгарын нутгаар дамжин өнгөрдөг байсан юм. Түүхэнд ижил мөрний Булгарчууд гэж нэрлэдэг. Мөн аугаа (Великий Булгария) Булгар хэмээх хаант улс байсан. Энд өгүүлээд буй Булгар нь Болгар хэмээх европын ард түмэн бус харин ижилийн Булгарчууд гэж ойлгох нь зүйтэй биз ээ.
Тэдний цохилтын гол хүч нь хүнд морин цэрэг бөгөөд тэд гэнэтийн цохилт бэлтгэж дайсан этгээдийг бут ниргэх гайхалтай урлаг эзэмшсэн, отоонд оруулж гэнэт дайрдаг тактиктай байжээ. Мөн Булгарын хотууд бэхлэлт сайтай, оршин суугч олонтой учир олон тооны хамгаалагч гаргах чадалтай цэргийн хүчний хувьд Кибчагуудаас ч илүү байжээ.
Булгарт очсон Мажарын шашны номлогч Юлианы үгээр бол “тун сайн бэхэлсэн, хүн олонтой, нэгнээс нь гэхэд таван түмэн зэвсэгт дайчин гаргаж чадах 60 цайз” Монголчуудыг сөрөн зогсож байжээ. Эндээс харахад л Булгарчууд урт удаан бүслэлтийг тэсч гарж чадахаар байжээ.
Монголчууд Булгарчуудтай 1223 оны Калка голын тулалдааны үед Булгарчууд Орос-Кибагын нэгдсэн армийн талд орсон, мөн зугтсан Кибчагуудыг нутагтаа оруулж хамгаалж байсан зэргээс болж муудалцаад байсан бөгөөд тэд гарал угсаа ойролцоо Кибчагуудыг зүйл бүрээр өмгөөлөн хамгаалж байсан нь муудалцах гол шалтгаан болжээ. 1223 онд Кибчагуудыг хөөж яваад Булгарын нутагт нь орсон Монголчууд багахан шиг тулалдаан хийсэн бол 1229 онд томоохон хүчээр Булгарын хилд халдаж тагнан турших ажиллагаа явуулж Булгарын нутагт нуугдсан саксин, буртас болон кибчагуудын зарим овог аймгийг бут цохиж улмаар нутаг буцжээ. Монголчуудын энэхүү довтолгооноос Булгарчууд дорно зүгээс ирж болзошгүй аюулыг төсөөлсөн бөгөөд хөрш оросын вант улсуудтай харилцаа холбоо тогтоож эхэлсэн юм. Булгарчууд хөрш Владимир-Суздалийн вант улстай 6 жилийн хугацаатай эвийн гэрээ байгуулж зүүн талаасаа довтолгоонд өртөх үед ар талаа аюулгүй болгохыг хичээсэн зэргээс үзэхэд Монголчуудын эсрэг сайн бэлтгэж байжээ. Урьд нь Оросууд байнга шахам Булгарт халдан довтолдог байжээ. Оросууд Булгарын эсрэг 1164, 1172, 1184, 1186, 1205, 1220, 1226, 1228, 1232 онуудад довтолж байсан мөхөөж чадаагүй юм.
Монголчууд 1232-1236 онуудад Сөнөдэй баатрын захирсан Зүчийн улсын цөөн тооны цэрэг Булгарын нутагт хэд хэдэн удаа халдаж байсан ч байлдан дагуулах зорилго тавиагүй юм. Гэхдээ довтолгоон нэлээд ширүүн байж Булгарчуудын зарим хот сууринг эзлэн тэдний хамгаалалт болон байлдааны бэлэн байдлыг нэг талаар тагнан туршсан бололтой.
Бат хан 1236 оны намар Булгарт нэвтрэн орох тэр үед Гүюг, Мөнх болон зарим хан хөвгүүд Кибчагуудтай дайтаж эхлэсэн юм. Бат хан Булгарт өөрийн ах дүүс болох Орду, Тангут, Шибан, мөн Цагайдайн ач Бүри, Чингис хааны отгон хүү Хүлгэн нарын хамтаар нэвтрэн оржээ. Булгар улсын газар нутаг өөрийнх нь улсын бүрэлдэхүүнд орох байсан учир Бат хан их цэргийг өөрийн биеэр биечлэн удирдсан байна.
Сүүлд Булгар хот Сарай хотыг байгуулагдахаас өмнө Бат ханы өргөө хотуудын нэг байсныг харгалзан үзвэл тэрээр өөрөө нэгэнт л эзэмдэх санаатай байсан болохоор эл хотыг эвдлэж сүйтгээгүй, хүн амыг нь алж хядаагүй хэмээн үзэж болно. Энэ талаар оросын евразийн талыг баримтлагч эрдэмтэд санал нэгтэй байдаг.
1237 оны намар гэхэд Булгарын ихэнх хот сууринг Монголчууд эзэлж ижил мөрний Булгар Монголчуудын эрхшээлд нэгэнт оржээ. Оросын түүхчдийн өгүүлсэн (хөхүүл нярайгаас өтгөс хүртэл) шиг Монголчууд туйлын харгис ширүүн байж нэг ч хүн үлдээлгүй хүйс тэмтэрсэн хот суурингаас нэг ч балгас үлдээлгүй устгасан гэдэг нь худал бөгөөд Булгарчууд хожим хэд хэдэн удаа Монголчуудын эсрэг бослого гаргаж байсан хүн хүч зэргээс нь үзэхэд өгүүлээд байгаа шиг харгислал үйлдээгүй болох нь тодорхой юм.
Бат хан Булгарыг эзлээд өөрийнх нь захиргааг хүлээн зөвшөөрсөн орон нутгийн вангуудаас сонгож төр баригчаар тавихдаа ард түмнийх нь дэмжлэг үр нөлөөтэй байдал зэргийг нь харгалзан үзэж дотроос нь захирагч нарыг томилсон байна. Энэ талаар Рашид ад дин … тэндхийн эмир Жикү, Баян нар хүлцэн дагахаа илэрхийлж өршөөл ивээл олсон тухай өгүүлсэн байдаг. Энэ тогтолцоо нь үр дүнтэй нь харагдсан ба цаашид нэлээд уджээ. Тэндхийн хаадыг келар хэмээх агаад тэд өнөө ч буй хэмээн Рашид ад Дин тэмдэглэжээ.
Бат хан Булгарчууд болон Мордвануудаар (Мордов) цэргийн хүчээ нэмэгдүүлсэн нь цааш Кибчагуудтай дайтахад нь нэмэр болсон юм. Ийнхүү Бат ханы Булгарчуудын эсрэг 1236 оны намрын сүүлчээр эхлүүлэн явуулсан аян дайн 1237 оны намар гэхэд бүрэн дууссан юм. Булгар улсыг эзлэн авснаар Монголын цэргийн өрнө зүгт явах зам нээлттэй болж ард талдаа санаа зоволтгүй цэргийн хэрэгсэл хангамжаа татан авахад дөхөмтэй болжээ. ОХУ-ын бүрэлдэхүүн дэх өнөөгийн Татарсан, Чувашийн бүгд найрамдах улсууд нь эртний ижил мөрний булгарчуудын үр удам юм. Ижил мөрний Булгарчуудын түүхийн судалгаа Монголд нэн ховор, ОХУ-д нэлээд сайн хөгжсөн бөгөөд цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай юм.