Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Хятадын тулааны урлаг дотроо маш олон төрөл ялгаатай, тэр бүхний нарийн зааг ялгааг тодорхойлох аргагүй болтлоо холилдож сүлэлдсэн бөгөөд түүхийнхээ туршид янз бүрийн сургууль бий болж, устаж, шинээр дахин байгуулагдаж, нэгдэж нийлж, хоорондоо дайсагналцаж, мөхөж сэхэж явсан түүхтэй юм билээ. Энэ удаа Хятадын тэр их урлагийн хамгийн сүүлийн доройтол болон сэргэлтийн талаархи бяцхан түүхийг сонирхуулъя.
XIX зууны төгсгөлд Манж Чин улс даяар барууны улс орнуудын нөлөө нэмэгдэж, эдийн засгийн бүх л чухал салбар болгоныг хуваан эзэрхийлж эхэлсэн тул хятад үндэстнүүдийн дунд гадаадынхныг эсэргүүцэх (бас Манжийн эсрэг) үзэл бодол улам бүр олныг хамарч байлаа. Удалгүй энэ үзэл нь бослого хөдөлгөөн болон хувирсан ба бослогыг ихэнхдээ янз бүрийн тулааны урлагийн сургуулиуд тэргүүлж байв. Тэд гадаадын зэрлэг бүдүүлгүүдийг (barbarian) болон тэднийг даган дууриагч христийн шашинт хятадуудыг хөөн зайлуулж, зодож нүдэж, устгаж эхэлжээ. Ингэхдээ зодооны урлагийн элдэв маяг, цохилтоо ашиглах нь ойлгомжтой ба ийм учраас Ихэтуань-ийн бослого хэмээх энэ хөдөлгөөнийг барууны улс орнуудад боксерын бослого хэмээн нэрлэсэн юм.
Ер нь хятад түмний хувьд гар тулааны урлаг гэдэг зүгээр нэг зодоон цохион биш, биеийн хүчний болон сэтгэлзүйн хүмүүжлийн нэг чухал ойлголт, эртний хятадын нэг соёл байсан бөгөөд энэ урлагаар алдаршсан хүн, тэдний түүх гэдэг бол хятадуудын хувьд хамгийн ариун нандин зүйлийн нэг байжээ.
Бослогын үеэр тэрхүү зодооны урлаг нь нэг төрлийн бэлэг тэмдэг болон хувирч, олон янзын сургуулийн багш нар өөрийн урлагийг нэг дор олон хүнд таниулах боломжтой болсон ба тэднийхээр бол зодооны урлаг бүрэн эзэмшсэн хүнийг ямар ч сум, сэлэм, жад дийлэхгүй болдог гэж итгүүлнэ. Хэрэв хэн нэг нь буудуулаад талийчихвал агуу урлагийг гүйцэд эзэмшиж чадаагүй учраас энэ гэж тайлбарлаад л болоо.
Бослого хөдөлгөөн газар авч, амжилтад хүрэхийн хэрээр тэдний зан ааш ч хувирч өөрчлөгдөн, гадаадын гэсэн юм болгоныг устган сүйтгэсний дотор тухайн үеийн техникийн нэгэн чухал хөгжил болох төмөр зам, холбооны шугам орж байжээ. Босогчдын хувьд гадаадын энэ зэрлэг бүдүүлэг нөхдүүд өөрсдийн энэ хачин муухай юмаа ямарваа нэг фэн шуй болон бусад энергийн урсгалд тааруулж хийгээгүй учир Хятад орон зовон зүдэрч байгаа гэж үзэж байв.
Энэ их хүмүүсийн урсгалыг Цы Ши хатан зүгээр хараад суусангүй. Тэрээр босогчдыг дэмжиж, өөрийн олон тооны зөвлөхийг эгнээнд нь шургуулж чадсанаар босогчдын анхны шаардлагуудын нэг болох гадаадын зэрлэгүүдийг хөөх гэсэн үгэнд Манж гүрнийг эсэргүүцсэн утга санаа аажмаар алга болж зөвхөн Европын цагаан арьстнуудын эсрэг хөдөлгөөн болон хувирчээ.
Босогчид Бээжинг эзлэн аваад гадаадын олон мянган хүнийг ёстой л “цэвэрлэж” байснаас барууны улс орнууд ч өөрийн иргэдээ хамгаалахаар цэрэг хөдөлгөж эхэллээ. Тэрхүү гадаадын улс орнууд эв санаа нэгтэй байсныг яана. Хойд талаас оросууд, зүүн талаас японууд, баруун болон өмнөд талаас Британи, Америк, Герман, Франц гээд өч төчнөөн цэрэг зэвсэг Хятад улс руу орж байв. Чухам энэ үед Германы кайзер Вильгельм II “Зэрлэгүүдийг олзлох хэрэггүй. Та нарын гарт орсон дайсан болгон зүйл дуусах ёстой. Ямар ч өршөөл байж болохгүй… хятад хүнийг дахиж бидний өөдөөс эгцэлж харж чадахгүй болго…” гэсэн утгатай үгээ хэлсэн бөгөөд цэргүүд ч энэ үгийг ягштал биелүүлэхээр Хятадад буулаа. Хоёр талын зэрлэгүүдийн (хэн хэн нь нөгөөгөө зэрлэг бүдүүлэг гэж үзэж байсан сонин л тохиолдол) зэвсгийн хувьд барууныхан хэд дахин боловсронгуй бол босогчид хүн хүчний давуутай байв. Мөн босогчид өөрсдийн тулааны урлагт, үхэшгүй мөнхийн хутаг бараг олчихсон байгаа гэдэгтээ итгэх өндөр итгэлтэй байсан учир тэд гар хоосон шахам, хүйтэн зэвсэгтэйгээр Европын хүчирхэг армийн эсрэг зоригтой тулалдаж байлаа. Гэсэн ч галт зэвсэг, максим пулемёт, их буутай армийн өөдөөс үймсэн олон удаан тэсэхгүй нь ойлгомжтой ба интервентүүд Бээжинд орж ирлээ. Цы Ши хатан ч Бээжингээс амжиж зугтсан ба тэр даруй л үзэл бодлоо өөрчлөн муусайн босогчдыг дарах хэрэгтэй гэж холоос хашгирч эхлэх нь тэр.
Энэ үед босогчдын толгойлогч, тулааны урлагийн мастерууд жинхнээрээ хүч чадлаа үзэж эхэлсэн ба хятадуудын ярьдгаар зарим нэг нь олон зуун дайсны дунд ороод ихэнхийг нь сүйдэлж байгаад өөрийн эрхгүй хүчинд автаж байсан юм байх. Хамгийн тод жишээ болгож нэгэн зодооны сургуулийн багш Францын үй түмэн цэрэг рүү дайрч орон бараг талыг нь устгасны дараа л франц цэргүүдийн жаданд өртсөн тухай ярина. Гэтэл үнэндээ энэ нөхөр нь Францын жагсаалаар алхаж яваа, буугаа үүрчихсэн, ямар нэг тулалдаан болно гэж огт бодоогүй явсан хэсэг цэрэг рүү дайрсан юм байж. Гэмгүй явсан цэргүүд рүү гэнэт дайрсны хүчинд 2-3 хүн хятад зодооны багшийн мэсэнд өртмөгц францууд сэхээ авч өнөө эрийг бууны хутган жадаар шүүрэн шанага болгосон юм гэнэ. Ердөө хэдэн франц цэрэг шархадсан төдий л өнгөрсөн байна.
Хүн амын дунд мундаг зодоонч нарын иймэрхүү баатарлаг явдлын тухай маш их яриа тархаж байсан ч тун удалгүй бослого дарагдаж өнөө мундаг нударгачдыг нь гадныхан бүгдийг нь зүйл дуусгаж орхиод, баригдсан үй түмэн босогчдыг ч мөн харгислаж дуусгажээ. Хэчнээн хүн нөгөө ертөнцөд илгээсэн тухай ямар ч тоо баримт байхгүй буюу нөгөө ертөнцөд очсон зэрлэгүүдийг тоолж суух завтай харийнхан байсангүй бололтой.
Хятадын түүхэн дэх олон зууны турш шүтээн болж ирсэн тулааны урлагийн нэр хүнд ингэж шалдаа буулаа. Орчин үеийн зэвсэг техникийн хажууд ямар ч мундаг зодоончийн “барын базалт, сармагчны үсрэлт…” зэрэг нь зүгээр л нэг хүүхдийн дүрсгүйтэл, ямарваа нэг Ци энерги, Фэн шуй нь дайсантай тулахад огтын нэмэргүй зүйл болохыг хятадууд мэдэж авчээ.
Мянга мянган жил уламжлагдан байсан тулааны урлаг, соёл мөхөн аажуухан мартагдан алга болж байх үед гэнэт түүхийн нэгэн эргэлт болж зодооны урлаг дахин олны анхааралд орсон юм. Энэ бол кино урлаг байлаа. Өнөөдөр Брюс Ли, Жеки Чан, Жет Ли зэрэг олон жүжигчдийг мэдэхгүй хүн үгүй болсон гэхэд буруудахгүй бөгөөд зодооны төрлийн кино урлагт өч төчнөөн мянган хүн ажиллаж, олон сая хүн шинэ кино гарахыг хүлээдэг болжээ. Гэхдээ энэ олон сая хүн гар тулааны урлагийг ямар нэг шоу байдлаар л хүлээн авдаг болсон болохоор энэ нь чухам тулааны урлагийн сэргэлт үү, мөхлийн үргэлжлэл үү гэдэг нь бас ойлгомжгүй хэвээр.