Дэлхийн II дайны үед домог мэт ам дамжсан хэдий ч бодит болсон явдлуудаас хүргэж байна. Зөвлөлт гүрэн дайнд ялан гарахад хамгийн их хувь нэмэр оруулсан жанжид бол яах аргагүй Жуков, Рокоссовский, Конев нар юм.
Чөтгөр лүүгээ тонил, Константин…

1943 оны зун маршал Георгий Константинович Жуков Жанжин штабын Оперативын газрын хурандаа Штеменкотой хамтаар Таманы хойгийг тандах дайсны хүчийг үнэлэх боломж олдвол хүчээ бүлэглэн давшилт хийхээр очлоо. Ийм том хэмжээний жанжин ирсэн гэдгийг германчууд мэдэх ёсгүй байлаа. Нууцлах шаардлагаар Жуковын нэрийг Константинов болгож шифрлэв. Хурандаа Пьяшевын хороо давшилтад орж дайсныг мэрэх ёстой байв. Үүгээр дайсны зэвсэглэл хориглолтын гүнийг тандах юм. Хурандаагийн хороо давшилтаа эхэлсэн ч германчуудын шуурган галтай тулж хэвтээд өглөө. Ойролцоох өндөрлөгт ажиглах байрнаас харж суусан Жуков хурандаа Пьяшевын хороог босгож давшилтад оруул гэж тушаал өгөв. Штеменко хурандаатай ярьж Константинов таныг давшилтад орохыг тушааж байна гэж утсаар хэлэхэд..
Хурандаа уурсаж бас юун Константинов бэ чөтгөр лүүгээ тонил гэж тэрэндээ хэл гэчихэв. Штеменко утсаа тавилгүйгээр “Нөхөр маршал, хурандаа Пьяшев таны тушаалыг гүйцэтгэе гэж байна” хэмээн хурандаад утасны цаанаас сонсогдохоор чангахан хэлж. Хурандаа ч хэн нэгэн маршал ирснийг гадарлаж төдөлгүй цэргүүдээ босгож давшилтад оруулсан байна. Жуковт хурандаагийн “чөтгөр лүүгээ тонил” гэсэн үгийг Штеменко хэлээгүй юм. Уг давшилт дайсны хүчирхэг эсэргүүцэлтэй тулж, Германы армийн Крымийн хориглолтыг одоохондоо давж гарч чадахгүй гэдгээ хүлээн Жуковч ойлгож хүлээн зөвшөөрөөд намар болтол хойшлуулсан байдаг.
Штеменкогийн дуртгалаас
Танкинд явсан генерал
1944 оны Корсунь Шевченкогийн тогоон дахь бүслэгдсэн Германы нэгтгэлийг цохиж дуусгаж байлаа. Гол замаар өнгөрөх танкуудын замд нэгэн залуухан дэслэгч хөндөлсөн зогсож шаварт суусан техникийг нь гаргаж өгөхийг танкчдаас шаардав. Танкны экипажийн дарга яг одоо замаас холд гэх тушаал өгөхөд дэслэгч “…эсэргүүцэж бид адилхан байлдаж байна. Манай техникийг гаргаж өгөөгүй цагт би танай замаас холдохгүй” гэж хэдэрлэв. Танкнаас өндөр нуруутай савхи өмссөн генерал бууж танкийн бүрэлдэхүүнд дэслэгчийн шаварт суусан техникийг гаргаж өгөх тушаал өгөөд зайтайхан тамхи татаад зогсож байв. Танкийн багийн нэгэн гишүүн өнөөх дэслэгчид дөхөж очоод сэмхэн “Чи дөнгөж сая Украины нэгдүгээр фронтын командлагч, армийн генерал Иван Степанович Коневын замд саад боллоо доо” гэж шивэгнээд авч. Танкан дотор ийм том “загас” явааг мэдээгүй дэслэгч барьц алдаж сандран генерал дээр уучлалт гуйхаар гүйн очих үед генерал гарыг нь атгаж та сайн ажилласан гэж хэлээд танкандаа суугаад яваад өгсөн гэдэг.
Светлишиний дурдатгалаас
Ла Манш хэмээх шалбааг…
Ялалтын баярын дараахан нэгэн цайллага дээр Рокоссовский, Монтгомери нар ууцгааж хэн хэн нь халаад нэлээн нөхөрсөг яриа өрнөж байтал Английн фельдмаршал доогтойхон маягаар 1941 оны өвлийн тэр их шавар шавхай, их хүйтэн байгаагүй бол танай Москва яах байсан бол гэж их л дооглонгуй асууж.
Рокоссовкий хариуд нь тэр шавхай хүйтэнд манай арми ч бас байсан юм. Харин Ла Манш нэртэй нэгэн шалбааг байгаагүй бол Англи улс яах байсан бол гэж хэлээд тавьчихаж. Маш хурц түргэн ааштайгаараа алдартай Монти огцом уурлаж цайллагыг хаяж гарахыг завдах үед фельмаршалын адьютант нь чихэнд нь нэг зүйл шивгэнэж тайтгаруулснаар хэсэгхэн тайвширч үг дуугарахгүй суусаар өндөрлөсөн аж. Маршал Рокоссовкий 190 см гаруй өндөртэй сүрлэг том эр, шулуун шударга жинхэнэ орос дайчин, польш эр байлаа…
Э.Баттулга