Эхлэл үг
Монгол газар бөхийн удам тасрахгүй гэлцдэг хуучны үгийг санах бүр өмнөөс минь хангарьдын дэвэлтээр дэвэн дэвсээр айсуй яваа үе үеийн аварга хүчит бөхчүүдийн эрмэг сайхан дүр төрх тодрон үзэгдэж сэтгэл хөгөлнөм. Арга ч үгүй биз ээ. Энэ бол монгол хүн та бидний насны бахархал Үнэхээр ч бразил хүнийг хөлбөмбөггүйгээр, кубачуудыг боксгүйгээр, америкчуудыг сагсанбөмбөггүйгээр ойлгохгүйн нэгэн адил монгол хүнийг бөхгүйгээр яахан таньж мэднэ. Чухам энэ үүднээc XX зуунд төрсөн Монгол Улсын хүчит 51 арслангийн нэгэн болох хурц шаламгай, шалгарсан хүчит арслан “дэрэн бор” хэмээх Сүнрэвийн Самданжигмэд гуайн тухай бяцхан хөргөө тэрлэв.
Өгүүлэх ину
Аргын тооллын 1915 онд Сайнноён хан аймгийн Аги Үйзэн гүний хошуу буюу өдгөөгийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутгийн ард Сүнрэвийнд нэгэн бор хүү мэндэлсэн нь Xожмоо хүчитний ногоон дэвжээн дээр уран мэхийг уралдуулан хийж арслан цол авч ард олондоо Дэрэнбор” хэмээгдэн сайн бөх болох нэгэн байжээ.
Үеийн банди нартай дээл гутлаа ханзартал ноцолдон бөхийн барилдааны ур ухаанд чамлалтгүй суралцаж бага насаа өнгөрүүлжээ. Нас биед хүрч ирэх үест адуу малтай ноцолдож гартаа бүлтэй, цээжиндээ бядтай бас ч үгүй овооны наадамд нэг хоёр давчихдаг бaйв. Тэр үед ид мандан бадарч явсан хуучны сайн бөхчүүл болох Арвайхээрийн Банди арслан, Далантай. Шагж, Банзар, мээтэн хэмээх Аюур арслан цаашлаад бүүр Жамъян аварга, Даншигийн аварга Их Монгол Шаравжамц зэрэг олон мундагчуулыг амьд сэрүүн ахуйд нь харж биширч явсан нь сайн бөх болох хүслийг нь бадрааж байжээ. Удалгүй түүнд аз тохиож Банди арсланд шавь орж бөхийн ур ухаанд уйгагүй суралцаж эхэлсэн байна. Тэрээр бөхийн олон хувилбар мэх заалгаснаас ялангуяа тонгорох мэхийг гаргуун эзэмшжээ.
1930-аад оны сүүлээр улсын наадамд ирж барилдсан авч том наадмын дэвжээ болон алдар цуут бөхчүүдээс сүрдээд ч тэр үү хоёрын даваанаас хэтэрсэнгүй. Энэ нь түүний олон жилийн барилдааны зөвхөн эхлэл байсан юм. Тэрээр ардын хувьсгалын 24 жилийн ой буюу 1945 оны наадмаар Өвөрхангайн Жанцандорж начнаар тав давж улсын начин болсон бол хойтон жил нь Ардын хувьсгалын 25 жилийн ойн их баяр наадамд зодоглосон 1024 бөхийн барилдааны гурвын даваанд Увсын Хожинг, дөрөвт Архангайн Алтангэрэлийг, тавд Дундговийн Сандуйг, зургаад Сэлэнгийн Цэрэндоржийг, долоод Архангайн Чойндонсүрэнтэй тунаж даваад наймд хужаа хэмээх Ө.Чүлтэмсүрэн арсланг өвдөг шороодуулан “улам нэмэх арслан” цол хүртжээ. Үүнийгээ хойтон жилийн наадмаар баталж долоогийн даваанд нисэхийн П. Аюуш зааныг давж хуучин цол чимгийн дээр “үнэн хүчит” чимэг нэмсэн байна.
Дэрэн бор арслан зодоглож явах ахуйдаа аварга Б.Түвдэндорж, Ц.Чимэд-Очир, Ш.Бат-суурь, Ж.Цэвээнравдан, Д..Дамдин, арслан Г.Цоодол, Ц.Бадамсэрээжид зэрэг шилдгүүдтэй хүч үзэн барилдаж унаж унагаж явсан нь баяр наадмын оноо дансанд бичигдэн үлджээ. Төрөлхийн эгэлхэн бор царай зүстэй бөгөөд яг барилдаж байхад нь ажин харвал хамаг бие нь зориуд будаад тосолчихсон юм шиг гялалзсан содон бор өнгөтэй харагддаг байсан аж.
512 бөх зодоглосон 1949 оны наадмын барилдааны зургаагийн даваанд бөхчүүд ам авч байлаа. Дэрэн бор арслангийн ээлж болоход шуудхан очоод эхний хэлсэн нэр болох Баян-Өлгийн Хожагапаныг сонсуут над дээр биччих гээд эргэжээ. Гэтэл аварга, арслан бөхчүүд ам авахдаа аль л ядарч цуцсан, урьд нь хаяж сурсан эсвэл бүр гэнэн залуу бөхийг авдаг нэгэн ядмаг “заншил” өнөө хүртэл үйлчилсээр байгааг нуух юун.
Тийн зургаагийн даваа эхэлж Дэрэн бор арслан зодог шуудгаа өмсөх зуур мөнөөх амласан бөхөө харвал бяд ид сууж яваа нуруулаг, булиа эр харагдаж. Урьд нь нэр сонссоноос бус огт харж байгаагүй хэрэг. Бодох ч зав байсангүй гарчээ. Тийнхүү хоёр бөх барилцаж тавилцан тун ч удаж. Хэн хэн нь хаядаггүй бас унадаггүй. Бүр орой болж цагаан гэгээ тасарч байх үест арслан шийр заан байж өрсөлдөгчөө тонгорч орхиод дээр нь унасан чигээрээ удаан хэвтсэн гэдэг.
1956 он арслангийн хувьд онцгой жил байлаа. Учир юу гэвэл дархан аварга Д.Дамдингийн улсад завсаргүй таван удаа түрүүлсэн эхний он байсан бөгөөд гарлаа давлаа гэсэн хоёр үгээр ид цоорон гарч ирж байсан идэр залуу начинтай (тэр үеийнх нь цол) есийн даваанд түрүү булаацалдан үзүүрлэжээ. Ийнхүү хүчит арслан маань бүр хожим 1973 оны Ардын хувьсгалын 52 жилийн ойн их баяр наадамд 58 настайдаа зодоглож дөрөв даваад тавын даваанд Дундговийн Г.Цэрэнчимэдэд өвдөг шороодож байжээ.
…Зун нь үзмэн хүрэн дээл, өвөл нь үстэй хүрэн дээлээр гоёж энгэртээ “улсын арслан” гэсэн тэмдэг зүүсэн нүдний шилтэй бахим бор өвгөн Төв цэнгэлдэх хүрээлэн цаашлаад Спортын төв ордонд чөлөөтэй нэвтрэн орж хүндэт суудалд тухалж бөхийн барилдааныг алгасалгүй үзнэ. Хааяа төрийн ордны ард байх цэцэрлэгээр салхилж Ж.Самбуу даргын шарилын дэргэдэх сандалд удтал сууж байхтай нь бид бишгүй тааралдсан даа. Энэ бол өгүүлэн буй тэмдэглэлийн минь баатар Дэрэн бор арслан мөн бөлгөө. Шалгарсан хүчит арслан маань өөрийнхөө тухай нэг их ярихгүй харин бусад бөхчүүдийнхээ тухай зугуухан, тэгсэн мөртөө сэтгэлд шингэцтэй хүүрнэнэ.
-Би Түвдэндорж аваргатай 1941 онд наадмын бэлтгэлд Хүүшийн аманд цуг гарч анх танилцсан юм. Улсын заан Лувсанбалдан гуай бидэнд мэх зааж наадамд бэлтгүүлж билээ. Тэрээр нэг өдөр хөнтрөх гэдэг мэх зааж түүнийг нь Түвдэн аварга ихэд чармайн сурсан юмсан. Аргагүй л бяр хүч ихтэй хүний сурвал зохих мэх л дээ. Тэгэхэд Лувсанбалдан гуай биднийг халгайн дээр барилдуулж бас халгайгаар ороолгож хатуухан сургаж байсан.
Намайг Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяр наадмаар дөрөвт үлдээд байтал Түвдэндорж амлаад авчихлаа. Жаахан шар хөдлөөд “Чи намайг амлаа юу, тэнгэр харуулна даа” гэж аархвал аварга нэг инээмсэглэчихээд яваад өглөө. Би өнөөх хөнтрөх мэхийг нь хийлгэхгүй гэж хариу мэх төлөвлөн гарлаа. Тэгээд өрж бужигнуулж байгаад гүйлээ. Хоёр гар түүний бүдүүн гуянд нь сайн хүрсэн боловч үнэхээр өргөж дийлэлгүй даруулчихсан юм.
Илүү хүн гэдэг аргагүй л илүү байдаг юм билээ. Түвдэнг цэрэгт түгээгч байхдаа торхтой 100 кг шар тосыг биендээ хүргэхгүйгээр тэргэн дээр өргөөд тавьчихаж байхыг нь би харсан хэмээн нэгэнтээ дурсаж билээ.
Намайг “Спортын мэдээ” сонинд ажиллаж байх үед манай сонин улирал тутмын “Монгол бөх” хавсралт сэтгүүл гаргахаар болж бөхийн Холбогдолтой материал цуглуулан гүйж явсан бидний ажлыг халуунаар дэмжин, мэдэх чадах бүхнээрээ харамгүй тусалж байсан хүмүүсийн нэг нь Дэрэн бор гуай байлаа.
Сан.Жаргалсайхан зохиолч, сэтгүүлч