Сансарт нисэх гэдэг хамгийн хариуцлагатай, хамгийн сонирхолтой ажил гэдэг. Гэхдээ энэ хариуцлагатай ажлыг хүн л хийж байгаа хойно элдэв инээдтэй тохиолдол, үйлдэл гарахыг алийг тэр гэх вэ.
Сансрын тухай элдэв хөгтэй юм уншиж байснаа санан цуглуулга болгох гэж оролдсон маань энэ бөгөөд зарим нэг өмнө нь уншиж, харж байсан зүйлээ олж чадаагүй учир ”цээжний пангаар” бичиж байгааг минь өршөөх биз ээ. Ингээд аливаа юм эх захтай учир сансарт болсон элдэв хөгтэй явдлын цуглуулгаа Юрий Гагаринтай тохиолдсон явдлаар эхлүүлье.
Нууц код
Хүн сансарт анх гарахад сэтгэл зүй, оюун ухаан нь яаж ч болно гэсэн айдас эрдэмтдийн дунд байсан бөгөөд анхны нислэгт хүний оролцоогүйггэээр бүх л зүйл автоматаар явагдах ёстой байлаа. Гэвч тухай үеийн техникийн найдвартай байдал маш муу, ямар ч бэрхшээл гарч болох байсан учир гар удирдлагаар тоормослох боломжтой болгосон байна. Гэхдээ энэ удирдлагыг хүн гартаа авахын тулд ухаан санаа нь эрүүл байгаа гэдгийг нууц код оруулж батлах ёстой ба тэрхүү нууц кодыг тусгай дугтуйнд хийн лацадсан байжээ.
Гагариныг хөлгийн бүхээгт хийн бүх л аюулгүйн бүс болон бусад бэлтгэлийг хийж дуусаад хаалга хаахын өмнөхөн “Восток”-ын зохион бүтээгчдийн нэг болох Олег Ивановский шивнэсэн дуугаар :
“-Юра! Юмыг яаж мэдэх вэ? Нууц код 1, 2, 5 шүү…
-Нууц гээд байгаа юм шүү бас. Өчигдөр наад кодыг чинь надад Марк Галлай, дараа нь Евгений Анатольевич Карпов … “ гэсэн гэдэг.
Халамцуу Гагарин
Гагариныг сансарт нисэх үеийн зөөлөн газардах систем маш бүдүүлэг, найдваргүй бөгөөд агаарын эсэргүүцэлд шатан улайссан буугч аппарат газарт ойртон ирэх үед Юра өөрөө хаалга онгойлгон шүхрээр үсрэх ёстой байлаа. ( Үүнээс хойш ганц ч хүн ингэж сансраас буугаагүй ба зөвхөн энэ харайлт нь л гэхэд бас нэг агуу гавьяа байсан юм.)
Гагарины буух газрыг тухайн үеийнхээ хамаг л шилдэг техник, аргачлал ашиглан тооцоолсон ч нарийвчлал нь ойролцоогоор мянган км орчим байв. Ийм учраас Гагариныг буух газрыг хүн олонтой хот газар байхаар тооцоолж хийсэн ба буусны дараа түүнийг цаг алдалгүй олохын тулд ийм шийдвэр гаргажээ.
Буугч аппаратаас чадан ядан харайсан Юрий Алексеевич нэгэн ногооны газар буусан бөгөөд найгаж ганхан босон хартал тосгоны эмгэн ач охинтойгоо ирж байлаа. Энэхүү эмгэн болох Смеловка тосгоны Анна Акимовна нь хачин хувцастай хүнийг гайхан харж “хаанаас ирсэн хүн бэ?” гэж асуухад нөгөөх нь дуулганыхаа шилийг онгойлгон “сансраас” гэж хариулсан байна.
Сансраас гэж хэлснийхээ дараа тэр үг нь ямар хачин сонсогдож байгаад өөрөө ч гайхан инээсэн Гагарин өөрийнх нь холбоо барих хэрэгсэл буугч аппаратад байгаа, тэрхүү буугч аппарат нь одоо хаана хэвтэж байгааг төсөөлөх ч үгүй байгаагаа хэлээд дараа нь Районы төв хаана байдаг, даргатай яаж уулзаж болох вэ гэж асуусан гэдэг.
(Сансраас дөнгөж буучихаад сумын дарга хаана байгааг асууна гэж…)
Гагарин хаана байгаа тухай мэдээ авсан аврах, эрэн хайх албаныхан ухаан мэдрэлгүй давхисаар Анна Акимовнагийн гэрт ирэн үүдээр нь ороход хаалганы хажууханд нь маш нямбай эвхэж тавьсан скафандр харагдах ба цаад өрөөнд нь ширээний цаана, ганц нэг шил самагоны цаана, нэлээд хэдэн нутгийн нөхдүүдтэй хамт инээд алдан ярилцах Юра маань сууж байсан гэдэг.
Энд нэмж хэлэхэд “манай сансарын нисгэгч Гүррагчаа Гагаринтай цуг нисээд байхад Оросууд их гүрний бодлогоор зөвхөн Гагарин ниссэн болгож байна” гэж нэгэн “тэнгэрлэг” гаралтай нөхөр ихэд унтууцан бичиж тэр нь фэйсбүүкээр таран байсныг санаж байна. Энэ хөгтэй гэхүү харамсалтай гэх үү түүхийг дурдахгүй байж чадсангүй.
Быковский анхных нь!
Зөвлөлтийн сансрын нисгэгч Быковскийн Восток 5 хөлөг сансарт байх үед нэгэн ийм яриа болжээ. Сануулахад тухайн үеийн радио холбоо маш муу, тасалдаж чахарсан, буруу зөв сонсогдсон тийм л юм байсан билээ.
Быковскийн (цаашид Б гэнэ) ирүүлсэн мэдээн дотор ийм үг байлаа.
-9 цаг 05 минутад “стук” (тогшилт, тогших)
Нислэгийг удирдах төвийнхөн (цаашид НУТ), “өнөөх” Королев нар энийг хараад ухаан алдчих шахсан байж таараа.
НУТ- Дахиж тэгсэн үү?
Б- Үгүй. дахиж тэгэх ёстой байсан юм уу?
-Ямархуу шинж чанартай юм байв?
-Хэвийн байдаг л…
-Дотор талаас уу гадна талаас уу?
-Юун дотор гадна талаас вэ?
Хэсэг хугацааны дараа юун тухай яриа болж байгааг ойлгосон Быковский байдгаараа инээн
-Ямар ч “стук” байхгүй ээ, харин “стул” гээд байхад чинь. Би хүндэрсэн л гэж хэллээ шүү дээ.
Дараа нь нислэг дуусан, эх дэлхийдээ ирсэн хойно нь генерал Каманин Быковскийд “чи сансарт анх удаа хүндэрсэн хүн шүү, бас нэг анхных нь” гэж хэлэн үнэн сэтгэлээсээ баяр хүргэж байсан гэдэг.
Шүдний эмч Горбатко
Сансарын Салют-7 станцад ажиллаж байсан нэгнийх нь шүд өвдөж зовоож эхэлжээ. Аз болоход ойрын үед дараагийн баг нисэж очих байсан ба дараагийн багийнхан дундаас шүдний эмч болж чадах хүнийг Горбатко гэж үзэн хичээл сургууль зааж эхэлсэн байна. (Энэ хүн Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн дарга байсан, Монголд цөөнгүй ирсэн, Монголчуудын хувьд Жанибеков, Коваленок, Савиных нартай адил алдартай хүн байв.)
Хичээл сургуулиа сайн давтан, “Оддын хотхонд” байх, авч болох бүх л шүд шиг зүйлийг суга суга татан авч дадлага хийж байсан Горбатко шүдийг нь авах болсон гэдгийг дуулаад өнөөхийн шүд гэв гэнэт зүгээр болсон гэдэг.
Харин Горбатко шүдний эмч болох боломжоо алдсандаа нэлээд гонсойсон сураг бий. (цээжээр бичсэн учир буруу зөрүү байж болно)
Ээдээ энэ америкчууд уу…буюу Том, Маш Том, Аварга том
Америкчууд саранд буух бэлтгэлээ ид базааж байх үе. Сансарт нисэх үед астронавт “морь харах” болоход зориулсан жижиг хуванцар сав, түүнтэй холбосон хоолой байх ба хоолойны нөгөө үзүүрт бэлгэвч адил зөөлөн резин байх ба тэрхүү резинд “шаардагдах” эрхтнээ углан “морио харах” ёстой байв. Энэ резинийг хүний биеийн эрхтний хэмжээ янз бүр байдгаас шалтгаалан жижиг, дунд, том гэсэн хэмжээтэй хийсэн ба астронавтууд мэдээж зөвхөн том гэснийг л сонгож байв. НАСА-гийн боссууд үүнд их дургүй байсан ба учир нь эрхтэн, резины хооронд завсар гаран, түүгээр нь шингэн алдаж, скафандрын дотор тарж, богино холболт үүсэх аюултай байсан билээ. Гэвч зөвхөн томыг л сонгосоор…
Энэ бэрхшээлийг шийдэх гэж удаан бодож зовсон ба хамгийн төгс юм энгийн байдаг болохоор нэгэн хүний хэлсэн санааг хэрэгжүүлээд бүх юм “ок” болсон гэдэг.
Энэ нь жижиг, дунд, том гэсэн хэмжээснээс татгалзан том, маш том, аварга том гэсэн хэмжээс хэрэглэх болсон явдал юм.
Оуэн Гэрриотт эхнэртэйгээ цуг сансарт ниссэн нь
1973 онд Оуэн Гэрриотт Скайлэб станц руу нисэхдээ нэгэн жижигхэн диктафон авч явсан бөгөөд түүндээ эхнэрийнхээ дуу хоолойг тодорхой зорилготойгоор бичиж авсан байжээ.
Ингээд сансарт байх үед төв холбогдов:
-Скайлэб, төв байна, хариу өгөөрэй
-Сайн уу Хьюстон. Скайлэб сонсож байна- гэж нэгэн эмэгтэй итгэлтэй гээч нь мэндлэв.
Гайхаж саатсан төв хэсэг хугацааны дараа:
-Хэн ярьж байна?
-Боб уу? Сайн уу Боб. Би Хелен байна. Оуэний эхнэр.
Боб хэдэн секундын дараа амьсгаагаа арай ядан дарж :
-Чи наанаа юу хийж байгаа юм бэ?
-Өө яахав. Залуучууддаа жаахан хоол унд дөхүүлэх гээд…Сандрах хэрэггүй. Бүгд шив шинээрээ, биенд сайн тийм хүнс авчирсан.
Энэ үгийн дараа төв хэдэн минутын турш таг байсан бөгөөд дараа нь зүгээр л холбоо тасалсан байна. Бодвол Боб бараг солиорч байсан биз.
250 хангалттай юу?
Спэйс Шаттл хөлгийн нэгэн удаагийн нислэгт эмэгтэй астронавт нисэх болжээ.
Нислэгийн үеэр эмэгтэй хүний эмзэг, тэр нэгэн үе таарч болзошгүй байсан учир авч явах юмнуудын жагсаалтад тэр чухал үед хэрэглэдэг зүйлийг нэлээд тоогоор оруулсан байж.
Нислэг удирдах боссуудын нэг нь ачааны жагсаалт харж байгаад эмэгтэй астронавтыг дуудан:
-Энэ тоо бодит уу? Хангалттай авсан нь дээр шүү. Ер нь 250-ыг авбал найдвартай юу, зөв үү- гэж үнэн сэтгэлээсээ асууж байсан гэдэг. (тоо өөр байж болзошгүй)
Хөлгийн тэмдэглэл цалгилсан нь
Зөвлөлтийн сансар судлалд “контрбандын” хэрэг ихээхэн газар авсан байсан билээ. Нэгэн удаагийн “нислэгээр” нөхдүүд хөлгийн бүхээгийн тэмдэглэлийн дэвтэрийн хуудсыг цоолж архитай сав дотор нь нуусан ба “гаалийн” офицер тэр дэвтэр болон бусад зүйлийг шалгаж дуусаад хөлөгт оруулахыг зөвшөөрчээ. “Өнөө хэд” ч мундаг арга сэдсэн байна шүү гэсэн шиг нэг нэгэн рүүгээ нүд ирмэлдэн инээлдэж байсан ба “гаалийн” офицер дараа нь хүрч ирэн “Хөлгийн тэмдэглэлийн дэвтрээ жаахан дүүргэвэл дээр байх шүү. Тэгэхгүй бол дэвтэр чинь цалгиж дуугараад байна “ гэсэн гэдэг.
Үргэлжлэл бий…
Нийтлэгч Чалчаа саарал