Сэтгэл хачин болж, судсаар гүйх цус омогшин буцална. Эх орныхоо төлөө амиа зориулсан тэд эх нутгаа хамгаалаагүй бол өвөг дээдэс минь ийм аюулд нэрвэгдэж, өнөөдрийн олон зуун залуучуудын уг удам тасрах байсан байж болно шүү дээ.
Монгол Улсынхаа хилийг миний хувьд бүтэн гурав тойрсон, нэгээс гурван отряд үлдээгээд тойрсонг тооцвол энэ тоо нэлээд өснө. Хилээ тойрохоор хөдлөхийн өмнө зарим онцлог түүхийг уншчихаад гарна. Онцлогтой газраар дайраад гарахыг бодно.
Энэ удаагийн явалтаар бодож байсан газраа очсон юм. Тэр болгон түүхчид бичээд байдаггүй. Тэр үед нам, засаг нь зөвшөөрдөггүй байсан байх. Түүх түүхээрээ үлддэг. Хэн ч түүнийг засаж чадахгүй, цаг хугацааны явцад үнэнд гүйцэгдэнэ. Нэг хэсэг хугацаанд дарж, хааж болдог боловч цаг нь ирэхээр ямарч хөрсөөр дарсан байсан ч “үнэн” гараад ирдэг ажээ.
Одоогийн улс төрчид, залуучууд, хойч үе мартаж болохгүй түүх байдаг. Харийнхан эх нутагт минь довтолж, тайван амьдралыг нь эвдэж байсан үе бий.
“Эр цэрэг байхгүй бол эх орон чинь эзгүйрнэ” гэсэн яруу найргийн үг толгойд эргэлдэнэ. “Эр нөхөр чинь байхгүй бол гэрийн чинь хоймор эзгүйр”-хэд яах вэ, Эх орны тусгаар тогтнолд аюул учирч байна хэмээн аав, ээж, амраг ханиа орхин алс хол баруун хязгаарт очиж залуу нас, алтан амиа зориулсан баатруудынхаа шарилын дэргэд зогсож байна.
Дэлхийн даяар мянгантай тарсан өвөг дээдсийн түүхийг авч үлдсэн тэр газруудаас шүнсэглэсэн шороог нутагтаа нэгэн газарт төвлөрүүлэн байрлуулж, хойч үе, залуучууддаа үзэх, харах, дуурсах, бахархах, бас сургамж авах ёстойг сануулах гэж МБНЭ, Монголын бөө нар энэ ажлыг санаачилсан юм л даа.
Баруун хилээр халдаж ирсэн хасаг, Оспаны дээрэмчдээс эх орныхоо дархан хилийг хамгаалж байгаад баатарлагаар амь үрэгдсэн хилчдийн гавьяаг түүх, үр хойч маань мартах ёсгүй билээ. Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, бүлээн цусаа Байтагийн ууланд үлдээсэн тэдгээр баатар эрсийн тухай түүхийг товчхон бичиж байна.
1948 оны 7 дугаар сарын 8-ны өглөө Дамжигийн сумангийн улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар ахлуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байв.
Долдугаар сарын 8-ны өдөр болж үүр манхайн цайх үеэр морь, тэмээнд зэр зэвсгээ ачсан олон тооны дээрэмчид хилээр цөмрөн ирж ирэв. Хилчид газрын ашигтай байрлалыг эзлэн дайсныг отсон аж. Манай хилчдийг заставын улс төрийн орлогч ахлах дэслэгч Хаянхярваа ахалж байсан бөгөөд түүний тушаалаар хөнгөн пулемётчин Б.Тэгшээ, түрүүч Б.Гиваан байлдагч Чойжин нар дайсныг ажиглаж хүн, зэвсгийн тоог гаргаж байлаа. Тэдний гаргаснаар 170 гаруй зэвсэгт дээрэмчид хил зөрчиж иржээ. Бартаа саад ихтэй энэ газарт дайсны хэд дахин илүү хүчтэй амь өрсөн тулалдсан дайчдын баатарлаг үйлсийн түүх биширмээр.
Хавцал уруудан, 400 метрт дөхөж ирсэн дайсны зэвсэгт бүлгийг хүчээ задлан давшиж эхлэхэд хилчдийн ахлагч Г.Хаянхярваа “Эцсээ хүртэл тулалдана. Амьд баригдахгүй” хэмээн тушаагаад, Чойжин, Баян, Гончигзэвгэ нарыг урд талын өндөрлөгт, Гиваан, Тэгшээ, Даваадорж нарыг хойт өндөрлөгт гарч байлдахаар хуваарилаад, өөрөө Дандархайдавтай хамт дундах онин дээр үлдэж, Пэлжээд Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан 30 км-т байгаа суман руугаа хэл хүргүүлэхээр давхиулжээ. Хилчин Архад нөхдийнхөө морьдыг хамгаалж бөхлөөд тулалдаанд оров. Хүчээр хэдэн арав дахин илүү дайсан миномёт, пулёмотоор буудаж, морьтой ба явганаар хилчдийн эсрэг давшиж байсан ба зогсоо зайгүй буудах дайсны бууны суманд манай хилчдийн зарим нь өртөж, хүнд шархадсан Дандархайдав ахлагчийн тушаалаар арын байрлал руу шилжих гэж яваад дайсанд амьдаараа баригдахгүйн тулд өөрийгөө буудан амь үрэгдсэн байна. Үзэгдэц муутай газар хориглон байрласны улмаас хилчид тулж ирсэн дайсны өөдөөс гранат шидэж тулалдсан нь тодорхой хэмээн хожим тэмдэглэсэн байдаг.
Ийнхүү хүч тэнцвэргүй тулаан дөрвөн цаг гаруй үргэлжилж, дайснууд тэдний зүг галаа төвлөрүүлэн дайрч байлаа. Хориглолтын баруун үзүүр болох оройн бяцхан товгор дээр дайсанд бүслэгдсэн Гиваан, Тэгшээ, Даваадорж нарын эргэн тойрон 15 шоо метр орчим талбайд 15 удаа мини (гар бөмбөг) тэсэрч, хүн бүр 2-3 шарх авч, хад чулуу цусаар будагдсан байжээ. Тэгшээгийн баруун хөл гар бөмбөгийн дэлбэрэлтэнд тасарч, зөвхөн борвиныхоо том шөрмөсөнд тулж тогтсон төдийгүй, шилбэний хугархай яс нь газар зурж удаан чирэгдсээр мөлийж, ясных нь хөндий рүү шороо чулуу чихэгдсэн байсныг сонсохоос зүрх зүсэгдэм. Түүний шархыг Л.Даваадорж боож өгөхөөр очсон боловч боох арга байсангүй. Тасгийн дарга Б.Гиваан өгзөг, хонгондоо шархадсан бол, Л.Даваадорж зүүн гар нүүрэндээ хүнд шарх авчээ. Тэрээр гурван баатар баруун хойш харж зэрэгцэн хэвтээд эцсийн гранатыг өөрсөддөө зориулсан байсан гэдэг.
Элгэн дороо гранат тэслэн, дайснуудтай хамт амь эрсэдсэн гурван баатрын нэгнийх нь цогцос цээж, бөгсөөрөө салж, 6 метр хэртэй шидэгдсэн, нөгөө хоёрынх нь тархи толгой танигдаж мэдэгдэхийн аргагүй гүзээтэй ус шиг булхалзсан юм болсон байжээ. Даваадорж амь үрэгдэхийнхээ өмнө эвлэлийн батлахаа чулуун дор нууж, пулёмотоо хад савж эвдсэн байдаг.
Ийнхүү эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр биелүүлсэн гурван халуун амь Байтаг богдын уулнаа мөнх нойрссон юм. Гар бөмбөгийн дэлбэрэлтийн хонхорхойд дайсны 37 хүний цогцос байсныг тэр тулааны дараа шалгаж явсан албаны хүмүүс тогтоосон байдаг.
Хаянхярваа, Чойжин, Гончигзэвгэ нар бүслэлтээс буудалцан гарсан ба нөхдөө галаар хамгаалахыг хичээсэн боловч газрын бартаа, хад чулуугаар далдлагдсан ашиггүй байрлалд байснаас туслалцаа үзүүлж чадсангүй.
Дайсны өнгөлзлөгөөс эх орноо баатарлагаар хамгаалан, амь үргэдсэн Ховд аймгийн Чандмань сумын харъяат Баянбалын Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харъяат Лхүнрэвийн Даваадорж нарт БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1949 оны 1 дүгээр сарын 28-ны 6-р тогтоолоор, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат Бэгзийн Гиваанд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 10 дугаар сарын 13-ны 200 дугаар зарлигаар тус тус улсын баатар цол, мөн 1949 оны УБХТ-ийн 6-р тогтоолоор Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Найдангийн Дандархайдав, Сонгино сумын харъяат Энхийн Архад, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат Түвшингийн Баян нарт “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”-г нэхэн олгожээ.
Пэлжээ хүрэн халзан морьтой бартаа саад ихтэй “Уушгийн” уулсын дундуур 30 км газар зогсолтгүй давхисаар суманд мэдээ хүргэснээр дайсан этгээдүүдийг дахин цөмрүүлэлгүй устгасан билээ.
Шүншиглэсэн шороог хүндэтгэн залах ажиллагааг Монгол бөөгийн тэргүүн зайран ДДарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Туул нар гүйцэтгэв. Эх орон, та бидний өнөөдрийн сайн сайхны төлөө алтан амиа зориулсан тэдэнд зориулан нэрт яруу найрагчийн хэлснээр цэл залуухан насандаа “чиний төлөө үхьe” гэж эх орондоо хэлж, хэрэгжүүлж чадсан баатруудынхаа мөнхөд нойрссон газар болох хүний хөл хүрэхэд бэрх алс холын баруун хязгаарын Байтаг богдын Бүдүүн харгайтын амнаас Бид Улаанбаатар хотын Туул голын өмнө билчэрт ойртуулж авчирлаа.
Очиж хүндэтгэл үзүүлэх эсэхээ уншигч Та өөрөө мэдсүгэй.
Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний хурандаа