Хятад улс Тайванийн хоолойд томоохон хэмжээний цэргийн сургуулиа дуусгажээ. Гэхдээ сургуулилтыг бүрмөсөн зогсоохгүй, өөрийн эрэг хавийн бүсүүдэд үргэлжлүүлэхээр болж, Шар тэнгисийн баруун хойд хэсэгт Бохайн булангийн зарим хэсгийг сарын хугацаатай хаасныг тус улсын Далайн аюулгүй байдлыг хангах газар мэдэгджээ.
Цэргийн сургууль наймдугаар сарын 8-наас есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. “Бохайн тэнгисийн зарим хэсэгт цэргийн даалгаврууд гүйцэтгэх тул энэ бүсэд нэвтрэхийг хориглоно” гэж БНХАУ-ын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Далянь хот дахь Далайн аюулгүй байдлыг хангах газар мэдээлсэн байна.
Хятад улс мөн наймдугаар сарын 6-наас 15-ны хооронд “өдөр бүр байлдааны буудлага хийх” зорилгоор Шар тэнгисийн зарим хэсгийг хаажээ.
Хятадын Ардын чөлөөлөх арми АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосиг Тайваньд айлчилсантай холбогдуулан пуужин, нисэх онгоц, байлдааны хөлөг онгоцууд ашиглан томоохон хэмжээний сургуулилалт зохион байгуулсан. Сургуулилалт арлыг тойрсон зургаан бүсэд наймдугаар сарын 4-нд эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 7-нд дуусах ёстой байсан боловч БНХАУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дор хаяж нэг хоног илүү үргэлжилсэн. Сургуулилтаар Тайваний эргийн эргэн тойронд тэнгисийн ус руу баллистик пуужин харвасан юм.
БНХАУ Тайванийг улсынхаа нэг хэсэг гэж үздэг. Өөр улс орны төрийн зүтгэлтнүүд Тайваньд айлчилбал Тайваний тусгаар тогтнолыг дэмжигч хүчнийг өөгшүүлэх тул ийм хүчтэй арга хэмжээ авч байна гэж судлаачид тайлбарлаж байгаа юм.
Энэхүү хурцадмал байдал үргэлжлэх тусам Тайваний энгийн иргэд халдлагад өртөх магадлал нэмэгдэж байна. Үүнээс сэргийлж Тайваний төрийн болон батлан хамгаалах албаныхан газар доорх машины зогсоол, худалдааны төв, метроны буудлуудыг агаарын дайралтаас хамгаалах байр болгон ашиглахаар бэлтгэж байгаа аж. Тайбей хотод 4600 гаруй ийм хоргодох байр байдаг бөгөөд үүнд 12 сая буюу Тайбей хотын оршин суугчдыг дөрөв нугалсантай тэнцэх тооны хүн багтах боломжтой.
Тайваний удирдлагууд ард иргэдийг агаарын дайралтын үед өөрт хамгийн ойр байрыг хэрхэн олох, дайралтад өртсөн үед яаж өөрийгөө хамгаалах талаар сургалт орж байгаа аж. Мөн хамгаалах байрны үүдэнд А4 хэмжээтэй шар шошго наах бөгөөд дотор нь хэдэн хүн багтах боломжтой тоог нь бичсэн байх юм.
Түүнчлэн, хамгаалах байрны мэдээллийн санг иргэд утасны аппликейшн болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр авах боломжтой болгожээ.