Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
1945 оны 4-р сарын 18-нд Германы фельдмаршалууд Модель, Буш, Кессельринг тэргүүтэй Рурийн группийн 320 мянга орчим цэрэг Холбоотны армид бууж өгчээ. Энэ их цэргийг хорьж байх хэд хэдэн лагерийг Рейн мөрний орчимд яаран байгуулсан бөгөөд цаашдаа бууж өгөх цэргийн тоо нэмэгдэх хэрээр тэнд нийтдээ 19 хорих лагерь шинээр нээж, гурван сая гаруй цэргүүдийг тэнд харгалзах болсон юм. Мөн Франц болон Германы баруун хэсэгт дахиад сая гаруй цэрэг хоригдож байсныг нэмэх хэрэгтэй.
Холбоотнууд эдгээр Герман цэргийг ийм хүнд нөхцөлд намрын дунд хүртэл энд байлгасан ба тодорхой зорилготой байсныг заавал хэлэх хэрэгтэй болов уу. Зөвхөн Operation Unthinkable (Холбоотнууд Улаан армийн эсрэг Германы бууж өгсөн цэргүүдийг ашиглан дайтах төлөвлөгөө) зэрэг ажиллагааг хэлэхэд хангалттай.
Гэхдээ энэ лагерийн нөхцөл байдал Германы цэргүүдэд олзлогдсон Холбоотны цэргүүдийг хорих байрнаас хэдэн арав дахин хүнд, муу байсан төдийгүй олон түүхчид тэдгээр цэргүүдийн хоригдож байсан нөхцөлийг Германд Зөвлөлтийн олзлогдсон цэргүүд болон Польшийн еврей иргэдийг хорьж байсан нөхцөлтэй адилтгадаг байна.
Гэв гэнэт ийм олон хүнийг бөөнд нь харгалзаж, хооллож байх хэтэрхий төвөгтэй гэмээр ажил толгой дээр нь овоорч ирэхэд Холбоотнууд барьц алдсан гэж хэлж болох юм. Ганц нэгхэн сарын дотор гурван сая гаруй хүнийг тэжээж, харж цагдаж байх ажил гэнэт гарч ирэх нь ямар ч эдийн засгийг сөхрүүлэх хүнд ажил байсан гэдэг нь ойлгомжтой. Харин аз болж дулаан зөөлөн уур амьсгалтай газар байсан тулдаа тэр олон сая хүн тэр чигээрээ “дуусчихалгүй” өнгөрсөн байна.
Эрүүл мэндийн ямар нэг үйлчилгээ тусламж гэж юм ер үгүй, тортой төмөр утсаар хашсан төдий ийм нөхцөлд янз бүрийн халдварт өвчин ихээр гарч олон хүн үхэж байсан бөгөөд германчууд өөрсдөө газар ухан оромж төдий юм хийж толгой хоргодож байлаа.
Германы лагерьт байсан шиг ядаж “барак” (олзлогдогсдыг бөөнөөр нь хорих том байшин-саравч ) мэтийн юм юу ч байхгүй задгай газар!

АНУ-ын дэслэгч генерал Хитоны хэлснээр бол эдгээр лагеруудад “хоол хүнсний дутагдал газар авсан” байсан гэх ба энэ нь үнэндээ бол өлсгөлөнг л гоё сайхнаар хэлсэн хэрэг.
Байдал ийм хүнд байсан ч гаднаас энгийн иргэдийг хоол хүнс оруулахыг хориглож, ийм оролдлого хийвэл шууд гал нээх болно гэж анхааруулж байжээ. Бас эдгээр хорих лагерьт Улаан загалмай нийгэмлэг болон хүмүүнлэгийн аливаа байгууллагын үйл ажиллагаа явуулахыг хориглож, гадна дотны ажиглагчдыг ойртуулахгүй, нууж байсан гэдэг.
АНУ-ын албан ёсны мэдээгээр эдгээр лагеруудад байсан хүмүүсийн доторх нас баралт ердөө 0,2 хувьтай гэх боловч гэрэл зургуудаас харахад энэ тоо хэр үнэн болох нь ойлгомжтой.
Харин Германы түүхчдийн тооцоогоор энд хоригдож байсан бараг 1,5 сая цэрэг (энд өч төчнөөн эмэгтэйчүүд, эмч сувилагч нар байсан гэдгийг мартаж болохгүй) сураггүй алга болсон юм байна. Аливаа тооцоонд оролгүй алга болсон энэ их хүн хаачсан юм бол?
Канадын түүхч Жеймс Бак, Америкийн офицер Эрнест Фишер нарын үзэж байгаагаар эдгээр лагеруудад байсан хүмүүсээс хэдэн зуун мянгаар тоологдох хүмүүс өлсөж, өвдөж үхсэн гэх бөгөөд Америкийн хариуцсан лагеруудад 800 мянга, Англи болон Францын хариуцаж байсан хэсэгт 250 мянга гаруй немцүүд үрэгджээ. Нөгөө алга болсон хүмүүсийн сураг эдгээр тоон дотор яваа юм биш биз? Ер нь 1,5 сая хүн гэдэг хэр их тоо вэ?
Америкийн армийн Дэлхийн хоёрдугаар дайнд үрэгдсэн цэргийн нийт тоо зарим тооцоогоор 400 мянга дөнгөж давж байсан гэдгийг сануулах нь зөв болов уу. Дайтаж байлдаж байгаад биш бууж өгөөд хоригдож байгаад үрэгдсэн байж болох 1,5 сая хүн…

Эдгээр лагерьт байгаад амьд үлдсэн Михаэль Прибке гээч хүн энэ тухай дараа нь бичихдээ “Бид Зөвлөлтийн олзлогдогсодтой хүн ёсноос гадуур харьцаж байсан нь яах аргагүй үнэн. Тэгэхээр оросууд бидэнтэй нялуурахгүй байхыг ямар нэг хэмжээгээр ойлгож болох юм. Харин бид америкчуудтай яаж харьцаж байсныг Холбоотнууд мэдэхийн сайнаар мэдэх боловч биднийг харх адил өлсгөлөнгөөр алж байсныг би хувьдаа мартаж чадахгүй нь” гэж байжээ.
Гэхдээ олзлогдсон герман цэргүүд бөөн бөөнөөрөө цааш харж байсан үйл явдал мөн Дорнод фронтод ч гарч байсан юм. Сталинградын бүслэлтийн дараа Германы 330 мянга гаран цэрэг бууж өгөн, эдгээр өлсөж ядарсан, нэгийгээ идэх дээрээ тулсан (ийм явдал болж байсан тухай баримтууд бий) олон мянган цэргүүдийг Улаан армийнхан хооллож, эмчилж чадалгүй байсаар ихэнхийг нь нүд аниулсан түүх бий. Ядаж дүн өвлийн цаг байсан гэдгийг хэлээд ч яахав.