Орчуулсан Б.Бадрал
Сүүлийн үед НАТО-гийн усан онгоцнууд Оросын усан хилийг янз бүрийн зарчмаар шалтаг хийн зөрчих болсон. Иймд Зөвлөлтийн үед иймэрхүү өдөөн хатгалгад оросууд ямар хариу өгдөг байсныг харуулах нэг тохиолдлын талаар сонирхуулья.
1988 оны хоёрдугаар сарын 12-нд Крымийн эргийн ойролцоо болсон явдал бөгөөд Карибын хямралтай төстэй цэргийн хямралыг Хар тэнгист үүдэж болох үйл явдал болсон юм. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний “Йорктаун” крейсер, эсминец “Кэрон” нар Зөвлөлтийн харуулын хөлөг болох “Беззаветный”, СКР-6 хоёрын анхааруулгыг үл тоон Зөвлөлтийн усан хилийг зөрчин орж ирсэн. Оросын усан онгоцууд амдан очоод гал нээх зөвшөөрөл авч чадаагүй тул дайрч мөргөх аргыг ашиглан эсрэг талын усан онгоцуудыг зогсоож, хилээсээ хөөн гаргажээ.
Энэхүү дуулиант хэрэгт биечлэн оролцсон “Беззаветны” хөлгийн ахлах туслах байсан Валерий Куликовын Лента.ру сайтад болсон явдлаар өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Ээдрээтэй нөхцөл байдал
“Зөвлөлтийн Хар тэнгисийн флотын офицерүүд бид зэвсэгт хүчний хүчин чадлыг зохих түвшинд барьж байсан үед алба хааж байлаа. Гэхдээ хэрэг явдал болох үед улс төрийн хувьд манай улс задрал руу нэгэнт чиглэсэн байсан. ЗХУ улс төрийн хувьд суларч байлаа. Тийм учраас манай “найз нар” ч биднийг байнга шалгах болсон юм. НАТО-г хэлээд байна л даа” гэж Валерий Куликов дурсаж байна.
Тэрээр “Тэр явдал болохоос ойролцоогоор жилийн өмнө Зөвлөлтийн бүх цэргийнхнийг байнгын бэлэн байдалд байх онцгой хатуу шаардлага тавих болсон юм. Германы сонирхогч нисгэгч Матиас Руст хөнгөн онгоцоор Зөвлөлтийн хилийг зөрчин агаарын довтолгооноос хамгаалах бүх системийг тойрч нисээд Улаан талбай дээр газардсан хэргийн дараа тийм болсон юм л даа. Хүйтэн дайны үед байж болохгүй цалгар назгай байдал харуулсан. Тэгэхэд нэгээр тогтохгүй генерал суудлаасаа мултарсан. ЗХУКН-ын Төв хорооноос онцгой тогтоолыг гаргасан. Гэхдээ бид бүгд коммунистууд байсан учраас шаардлага хатуурч байгаа талаар хэн ч юу ч яриагүй. Улс орны улс төрийн байдал тогтворгүй, армийн янз байдлаас олон зүйл хамаарна гэдгийг бид ойлгож байсан юм” хэмээн нэмж ярилаа.
Дэслэгч Валерий Куликов америкчуудтай мөргөлдөхөөс хагас жилийн өмнө Хар тэнгисийн эргүүлийн усан онгоц болох “Беззаветный”-д алба хаахаар ирсэн байна. Тэрээр энэ талаар ярихдаа “Энэ бол Зөвлөлтийн усан онгоцны үйлдвэрлэлийн бахархал байлаа. Ийм усан онгоц дээр алба хаана гэдэг аз жаргал шүү” хэмээв. Куликовыг ирсний дараахан “Беззаветный” хагас жилийн хугацаагаар Газрын дундад тэнгис, Атлантын далайд байлдааны жижүүрт гарч. Тэгээд америкийн “Йорктаун”, “Кэрон” хоёр Хар тэнгист гарч ирэхээс яг нэг хоногийн өмнө Севастопольд эргэж иржээ.
Америкийн эдгээр усан онгоцууд хоёр жилийн өмнө Крымийн эрэг рүү дөхөх оролдлого хийж байжээ. Тэгэхэд мөргөлдөлгүй өнгөрсөн. Пентагон тухайн үедээ мэдэгдэл хийж АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин усан онгоц чөлөөтэй явах эрхийг харуулахын тулд Крымийн эргийн ойролцоо хөвж байгаа гэж байв. Вашингтон 1982 оны Зөвлөлтөд баталсан улсын хилийн тухай хуулийг, бүр тодруулбал тэнгисийн хилийн тодорхойлох зарчмыг хүлээн зөвшөөрдөггүй байсан юм.
Тэд ер нь яагаад заавал Крымийн эрэг рүү яваад байсан юм бэ? гэж үү? Тэнд Феодосия байлаа шүү дээ. Яг тэнд шинэ зэвсэг турших төв байсан юм. Мэдээж тагнуулууд нь дандаа тийшээ явна, далимаар нь манай хилийн бат бэхийг, бид ямар хариу үзүүлэхийг шалгадаг. Бид чинь тухайн үедээ НАТО ба ЗХУ-ын сөргөлдөөний торгон үзүүр дээр байсан ч дайтна гэж боддоггүй байсан. Гэхдээ бэлэн байсан. Яах вэ дээ, сэтгэлзүйн хувьд өөрийгөө бэлдэх ёстой байдаг юм. Чамд дайсан бий, түүнийг алах ёстой гэж. Энэ бол армийн хувьд хэвийн зүйл.
“Йорктаун”, “Кэрон” хоёр Хар тэнгис рүү ирж байгаа тухай 1988 оны хоёрдугаар сарын эхээр олж мэдсэн, Крымийн эрэг орчим гарч ирэхээс хэдхэн хоногийн өмнө. Тэгээд Америкийн пуужинт крейсер, эсминец хоёрыг дагахаар Хар тэнгисийн флотын усан онгоцнууд, түүний дотор “Беззаветный” “СКР-6” хоёр явсан. Ахмадаас дайрч мөргөхөд бэлэн бэлэн байх байлдааны урьдчилсан захирамж өгсөн байсан. Гэхдээ бид тийм боломж гарна гэдэгт итгээгүй. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ далайд гарахын өмнө далавчит пуужингуудаа эрэг дээр буулгаж үлдээсэн. Яагаад гэвэл дайрч мөргөх үед дэлбэрэх аюултай.
Тактикийн мэх
-Бид америкчуудыг Турк дахь хоолойгоор Хар тэнгист орж ирэх багцааг мэдэж байсан. Гэтэл тэд бүр эрт ороод ирсэн байсан. Биднийг түгшүүрээр босгоод Туркийн мэдлийн ус руу хар хурдаараа явлаа. Цаашаа явж болохгүй шүү дээ. Тэгээд л Америкчуудыг хоолойгоор гарч ирэхийг хүлээгээд суучихсан. Бид өглөө эрт очсон юм гэтэл америкчууд ч бас заль гаргасан байв. Зөвлөлтийн усан цэргүүд Америкийн усан онгоцнуудыг Босфорын хоолойгоос шулуун шугамаар Зөвлөлтийн мэдлийн ус руу хөдөлнө гэж хүлээж байсан. Харин америкчууд гарч ирээгүй. Босфорын хоолойгоор дэндүү олон усан онгоц орж гарах тул шууд алсаас хараад таньж мэдэх арга байгаагүй. Иймд манайхан тэр бүсэд байсан Зөвлөлтийн иргэний усан онгоцнуудад хандсан юм. Гэтэл цаадуул нь Америкийн эсминецийг харсан гэж мэдэгдлээ. Тэгсэн Босфорын хоолойгоор хэдийнэ гараад Туркийн эргийн дагуу биднийг тойроод явчихсан болж таарлаа.
Америкийн хоёр усан онгоц Босфороос гарсан даруйдаа баруун тийш эргэж Болгар, Румыний эргийн дагуу Крым руу ойртож байлаа. Зөвлөлтийн усан онгоцнууд зөвшөөрөгдсөн зайнд дундын усанд дагахаар хөөлөө. Америкчууд сургууль хийж, хаа нэг буудна, бид ч тэдэнтэй холбоо бариад явлаа. Бүх юм ном ёсоороо. Хоёрдугаар сарын 12-ны өглөө бүх зүйл тайван байсан. Тэр бүсэд хоёрдугаар сард гол төлөв шуургатай байдаг ч тэр өглөө тайван, нартай байсан.
Гэтэл “Йорктаун”, ”Кэрон” хоёр гэнэт цуваанд орж аваад хурдаа нэмэн шууд Зөвлөлтийн мэдлийн ус руу чиглэдэг байгаа.
Бид ч холбоо бариад, “Залуусаа тийшээ явах хэрэггүй, тэнд манай мэдлийн ус бий, баруун тийш эргэ, наад чиглэлээр чинь яваад байвал улсын хил зөрчинө” гээд хэлэв ээ. Нөгөөдүүл ч анхандаа бидэнтэй холбоогоор ярьж, юу ч зөрчихгүй гэж байв. Тэгснээ яг хил зөрчихийн өмнө холбоогоо тасалчихсан. Ингээд бид хамтдаа Зөвлөлтийн хилийг даваад манай мэдлийн ус руу орсон доо.
Одоо байлдааны захирамжийн дагуу хөдөлж, өөрийн уснаас шахан гаргах нь ойлгомжтой болсон. Зөвлөлтийн усан онгоцнууд мөн адил цуваа болоод Америкийн усан онгоцнуудаас ялихгүй хойно нь, зэрэгцээ чиглэлээр хөөж явлаа. Зөвлөлтийн хилийг зөрчсөний дараа эргүүлийн усан онгоцууд хурдаа нэмж, хил зөрчигчдийг гүйцээд флотын штабын даргын “Шахаж гарга!” тушаалын дагуу нэгэн зэрэг баруун тийш эргэсэн. “Беззаветный” “Йорктаун”-ыг, СКР-6 “Кэрон”-ыг хажуугаас нь мөргөсөн.
Ийнхүү мөргөлдсөн усан онгоцнууд жингийн харьцаа манай талд ашиггүйгээр эрс ялгаатай байлаа. Тухайлбал, “Йорктаун” бол “Беззаветный”-аас 50 метр урт, усан түрцээрээ гурав дахин их. “Кэрон” ба “СКР-6” хоорондын зөрүү бүр ч их, Америкийн эсминец манай эргүүлийн усан онгоцноос хоёр дахин урт ба өргөн төдийгүй усан түрцээрээ найм дахин их байсан. Оросуудын хувьд энэ хэвийн зүйл л дээ, бид хэзээ ч тоо, хэмжээний ихээр байлдаж байгаагүй юм. Тэгээд ч манай багууд хагас жил байлдааны эргүүлд явсны дараа хамгийн бэлтгэгдсэн, эвсэлтэй баг болоод байсан тул ямар ч тушаалыг биелүүлж чадахаар байсан юм.
Тухайн үед энэ чинь хажуугийн хашлага нь гэхэд л манай удирдлагын тавцангийн түвшинд юм байна шүү дээ. Ямар аварга эд вэ гэж бодож байлаа. Гэхдээ ямар ч эргэлзээ, айдас байгаагүй. Крейсер дээрх америкийн усан цэргүүд эрээ цээргүй тавцан дээрээ шавааралдан гэрэл зураг дарцгааж байлаа. Тэд биднийг мөргөнө гэж төсөөлөө ч үгүй байсан! Удирдлагын тавцан дээрээ гарчихсан, тэр оросууд тэнгист ингэж хурдалдаг юм байна хар даа гэсэн шиг зогсоцгоож байлаа. Бид 10 метр ойртоод тэднийг бүгдийг харж, бас сонсож байв. Тэгээд эхний удаа мөргөхөд тэд гайхсан, мэдээж сандарч, арай өөр байдал гаргах болсон.
Ахлах туслах Куликов мөргөх үед ахмадын хажууд байсан бөгөөд залуур дээр зогсох усан цэрэг ахмадын тушаалыг нэг бүрчлэн биелүүлж буй эсэхийг хянаж байжээ. Мөргөх тушаал өгөхөөс өмнө ахмад өөр нэг тушаал өгсөн байлаа. Тэр нь юу вэ гэвэл “Йорктаун”-ы тавцан дээр усан онгоц эсэргүүцэх өөрийгөө чиглүүлэгч “Гарпун” пуужинтай төхөөрөмж байрласан байлаа. Тэгээд мөргөх үеэр мичман нь нэг пуужингийн хошуу хэсэг рүү цалам шидэж мулталж авах ёстой байлаа. Тэнд чинь хамаг нандин электрон төхөөрөмжүүд нь байдаг байсан юм.
Куликов дурсахдаа “Хошууг цаламдаж чадаагүй гэдгээ шууд хэлье. Бид мөргөөд маш хурдан буцаж ойсон юм. Хоёр дахь удаагаа мөргөхөд ч манай мичман яагаад ч амжаагүй”.
Эхний удаагийн шахаж мөргөх үйлдэл Зөвлөлтийн усан цэргүүдийн хувьд тийм ч амжилттай болоогүй бөгөөд “Беззаветны” дагуу чиглэлд Америкийн крейсерийн хажуу руу шүргэх байдлаар мөргөхөд нөгөөх нь чиглэлээ өөрчлөлгүйгээр хурдаа нэмжээ. Гэвч эргүүлийн усан онгоц хоцорсонгүй хоёр дахь удаа мөргөхөөр бэлдэв. Тэр мөргөлт харин тун ч амжилттай болсон байна. Энэ удаад “Беззаветный” “Йорктаун”-ыг мөргөхдөө дээр нь бараг гарчихсан бөгөөд их биеэрээ тавцан дээгүүр нь гулсаж хамаг юмыг нь хуу хамсан. “Йорктаун”-ы пуужингийн комплекс, харвах төхөөрөмжийн контейнерүүд, “Гарпун”-уудыг няц дарагдаж, нисдэг тэрэгний талбайг нь хүртэл эвдэлж, хажууг нь бага зэрэг урсан.
Мөргөхийн өмнө ахмад Богдашин нь зангуугаа хагас унжуулахыг тушаасан нь тун цагаа олсон тушаал болсон. Мөргөх үед зангуу нь хар эрчээрээ савлаж бороохой шиг л таарсан болгоноо үйрүүлж эхэлсэн. Зангуу нисдэг тэрэгний тавцанг ихээхэн сүйрүүлж, гинж нь замдаа таарсан бүхий хуу хамаад хажуугийн хашлаг руу зүсэж ороод гацчихсан. Тэгээд усан онгоцнууд хоёр тийш салж эхлэхэд гинж нь зангуугаа татаж, зангуу ч нь эсрэг талын хашлаг руу нисч хүрэхдээ таарсан болгоноо нураасан.
Их хурдтай салсан учраас гинж тасарч аварга том хэлхээсүүд нь манай удирдах тавцан руу нисэж хүрээд…
Нисэх тэрэгний тавцанг устгасан нь их цагаа олсон зүйл болсон. Эхний удаагийн мөргөсний дараа “Йорктаун”-ы багийнхан нисдэг тэрэгний ангараа нээсэн нь түүнээ хөөргөхийг хүссэн байх. Тэд хариу цохилт өгөхийн тулд нисдэг тэргээ агаарт хөөргөх гэж байсан биз. Гэхдээ бид ч бас дангаараа биш шүү дээ. Бидний ард бүхэн бүтэн улс орон байлаа. Эргийн цохилтын комплексууд, нисэх онгоцнууд, нисдэг тэрэгнүүд, хилчид бүгд л тэнд бэлэн байдалд ажиглан харж байлаа. Бид амиа алдаж болох ч бидний хариуг заавал авна гэдгийг бол сайн мэдэж байсан. “Йорктаун” байлдах гэж нэг үзээд байдлыг ахин шинжсэний дараа нисдэг тэргээ буцаасан юм.
Гэхдээ хоёр дахь удаа мөргөсний дараа бол тэд юун дайрахтай манатай болсон. “Гарпун”-ы харвах төхөөрөмжүүдээс утаа савсаж, крейсерийн тавцан дээр гал унтраагчид гарч ирсэн. Гэхдээ “Беззаветный” өөрөө ч хоёр дахь удаагийн мөргөлтөөр ноцтой гэмтсэн. Зангуугаа алдан, их биедээ том цоорхойтой болсон.
Энэ үед “Кэрон” “Йорктаун”-тай зэрэгцээд ирсэн. Тэд “Беззаветный”-г дундаа хийж байгаад няц хавчих гэж оролдсон. Манай СКР-6 тэр үед нэлээд хоцорсон байсан тул хойноос тусалж чадахгүй болсон байсан. Гэвч ахмад Богдашин тэдний маневрыг тааж мэдээд хурдаа огцом нэмж, хавчихаас нь өмнө суга үсрэн мултарч гарч чадсан. Үүний дараа Америкийн усан онгоцнууд эсэргүүцэл үзүүлэхээ больсон. “Кэрон” “Йорктаун”-ыг халхлан хурдаа нэмээд манай мэдлийн уснаас гарсан. Севастополиос өөр усан онгоцнууд хэргийн газар руу ирж байсан учраас “Беззаветный”, “СКР-6” хоёр бааз руу явах тушаал авсан.
Бааз дээр тэднийг ямаршуу байдлаар угтсан талаар Куликов дурсахдаа “Манайд баатруудыг яаж угтдаг билээ дээ! Янз бүрийн шалгалтын комисс, байцаалт, асуулт эхэлсэн. Бид шөнө зогсоол дээр ирэхэд комисс, тусгай албаныхан хүлээж байсан даа. Энгийн явдал биш шүү дээ. Тэр үед тулаан болж, олон усан цэрэг амиа алдсан гэсэн цуурхал хотоор нэг тархаад амжсан байв. Хаалттай цэргийн хот шүү дээ, усан цэргүүдийн ар гэр дүүрэн, бүгд л бүгдийг мэддэг газар. Газрын дундад тэнгис дэх манайхан ч тэр америкчууд ч тэр байлдааны бэлэн байдалд орсон байсан. Дайн болоход ганц хуруу дутуу байлаа. Шалгалтынхан “Беззаветный”-н бүх радио ярианы бичлэг, бүх бичиг баримтыг хурааж авсан. Ахмадыг гэр рүү нь явуулахаар болж мань эр хувцсаа солиод яг явах гэж байлаа. Тэгтэл ”Ахлах туслах даргын өрөөнд!” гэсэн тушаал ирэв. Ийм тушаалыг онцгой үед л өгдөг учраас байдал эвгүйтсэн нь ойлгомжтой болсон. Ахмад Богдашины өрөөнд түүнийг Москвад дагалдаж хүргэх ёстой цолоор дээгүүр нэгдүгээр зэргийн ахмад ирчихсэн сууж байсан.
Тэгээд Богдашиныг аваад явсан бол ахлах туслах удирдлагыг хүлээн авчээ. Хэн ч юу ч ярьдаггүй, зөв хийсэн үү эсвэл буруудсан уу мэдэгдэхгүй гурав хоносон. Гагцхүү Севастопольчууд өөрсдийн завиар манай хөлөг рүү ирцгээж “Усан цэргүүд сайн байна, зөв” гэж хашхиран биднийг дэмжиж байсан нь сэтгэлийн дэм өгсөн. Бид ЗХУ-ын удирдлагаас өгөх дүгнэлтийг гурав хоног хүлээсэн.
Ахмад Богдашин олон жилийн дараа тухайн үед болсон тухай дурссан байдаг. Тэрээр “Флот командлагч намайг зангуугаа алдлаа гэж загнасан. Ерөнхий штурман ч баахан цаас өгөөд хаана алдаа гаргаснаа судал гэчихсэн. Намайг Олон улсын усан онгоц мөргөлдөхөөс сэргийлэх дүрмийг зөрчлөө энэ тэр гэцгээж байв. Зарим нь намайг цэргийн шүүхэд өгөхийг шаардаж байв” гэжээ.
Гэвч хожим нь “Беззаветный”-н хувь тавиланг КГБ-ийн тэргүүн Виктор Чебриковын үгээр шийдсэн нь ил болсон юм. Тэрээр манай усан цэргүүд зөв зүйл хийсэн гэж Горбачевт илтгэж, ятгаж чадсан аж. Хожим Богдашин дурдсахдаа “Москвад лифтэн дотор Жанжин штабын орлогч даргатай таарсан. Гэтэл тэр хүн нисэхийн хоёр генералын хажууд албаа нэр төртэй хааж байгаад талархал илэрхийлээд нисэхийнхэн янз бүрийн п…-нуудыг Улаан талбай дээр буулгаж байгаа тухай хэлээд авсан” гэж дурссан байдаг.
Хар тэнгист болсон хэрэг явдлын дараа багийн олон гишүүд, түүний дотор Куликов янз бүрийн шагнал авсан. Гэхдээ хоёрдугаар сарын 12-нд болсон явдлын төлөө гэж нэг ч хүн шагнал аваагүй, харин байлдааны шинэ техникийг эзэмшихэд гаргасан зүтгэлийн төлөө гэсэн тодотголтой шагнуулсан. Гэхдээ үнэн хэрэг дээрээ юуны төлөө шагнаж байгааг бүгд мэдэж байсан юм.