Нийтлэлч Чалчаа Саарал бичиж байна.
Сталины хэлмэгдүүлэлтийн золиос болсон Блюхер болон Смушкевич нарын тухай урьд өмнө бичиж байсан бөгөөд энэ удаа мөн л дээрх аймшигт явдлын хохирогч болсон гэх маршал Куликын тухай сонирхуулъя.
Орос оронд өрнөсөн иргэний дайны үеэр цагаантны армийн их бууч явсан залуухан Кулик яваандаа бөөрнөөсөө “улайсаар” улаантнуудын эгнээнд орсон байна. Ворошиловын удирдлага дор байлдаж явсан энэ эр даргадаа ихэд таалагдаж бүр үй зайгүй найзууд болсон гэх ба Царицын хотыг хамгаалах алдарт тулалдаанд гарамгай байлдаж Ворошилов төдийгүй Сталин хэмээх нөхрийн анхааралд өртсөн гэдэг. Удалгүй Сталин “Оросын хаан” болох суудлаа засаж эхлэхтэй зэрэгцэн Ворошилов ч бас даган томорч байсан ба түүний араас найз нь болох Кулик ч мөн ахин дэвшсээр.

Жирийн нэгэн байлдагч, тосгоны хүү нэг л мэдэхэд ЗХУ-ын цэрэг армийн томоохон офицерын нэг болсон байлаа. 1936 онд Испанийн иргэний дайнд артиллерын сургагчаар явж жил гаруй байлдаж байгаад дуудагдан ирж том албан тушаал дээр буусан зэргээс харахад энэ хүн олон сая хүний дундаас ганц нэгхэн тодрон гардаг агуу сайн эрийн нэг гэмээр.
Сайн эр ч шинэ албан тушаалдаа орж бужигнуулж эхэллээ. Янз бүрийн уриа лоозон ярих, аливаа нэг зүйлийг буруутгах, дэмжих тал дээр хэн хүнээс илүү ширүүн аашлах бөгөөд чухам энэ хүний үйлдлээс болж ЗИС-3 хэмээх танк эсэргүүцэх их бууг голж шилэн зэвсэглэлд авалгүй байсаар их дайныг Улаан арми аль дээр үеийн гэмээр 45 мм-ийн танк эсэргүүцэх их буутай угтаж байсан гэдэг. Дараа нь T-V (Ирвэс-пантера), Т-VI (Барс) хэмээх Германы хүнд танкууд тулалдаанд ороход өөдөөс нь сөргүүлэх юмгүй нэг хэсэг баларч байсан нь чухам Куликын буруу юм гэнэ лээ. Ганцхан ЗИС-3 ч биш ППС болон ППШ автомат буу, Т-34-тэй холбоотой өч төчнөөн л юм байдаг бололтой.
1939 онд Халх голын дайн болж оросууд өөрийн ирээдүйтэй гэсэн жанждаа явуулсны дотор Кулик ч багтсан. Зөвлөх нэрээр очсон Кулик тун эгзэгтэй цаг үед Халх голын нөгөө эрэг дээр хамаг их буугаа гаргаж хориглолт байгуулах тухай заавар зөвлөгөө өгч Жуков болон Штерн зэрэг нөхдүүдийн гайхлыг төрүүлж, уурыг нь барсан учир Монголын нутгаас хөөгдөн Москвад ирсэн байна.
1940 оны ЗХУ-Финийн дайнаар энэ эр мандан ЗХУ-ын Баатар болж, маршал цолоор шагнагдсан ба уг “Өвлийн дайн”-ы дараа Зөвлөлтийн олон жанжид тушаал буурч, зарим нэг нь шорон оронд орж, бүр буудуулж байсан гэдэгтэй харьцуулахад Кулик их л том гавьяа байгуулсан бололтой. Чухам яг ямар юм хийсэн нь ойлгомжгүй буюу “Маннергеймийн хамгаалалтын шугамыг сэт татахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн” гэсэн юм л харагдана. Тухайн үед Улаан армид маршал цолтой хүн гарын таван хуруунд багтахаар тоотой байсан гэхээр энэ хүн ямар өндөрт мандсан нь ойлгомжтой. Бодвол Ворошилов найзыгаа өөд нь татсан биз.

1941 оны 6-р сарын 22-нд Гитлер ЗХУ руу довтолж, анхны өдөртөө л аймшигтай цохилт хийн Улаан армийн удирдлага, анги нэгтгэлийн харилцаа холбоог таслан сүйтгэснээр оросууд баахан сандарч үймсэн хүмүүс болж хувирлаа. Сталин Баруун фронт дээр болж байгаа үл бүтэх явдлыг таслан зогсоохоор Шапошников, Кулик нарыг 23-ны өдөр явуулсан боловч Кулик очсон өдрөө л бүслэгдэн сураг тасарсан байна. Хоёр долоо хоногийн дараа Кулик өөрсдийн цэрэг дээрээ ирэхдээ тариачны хувцас өмсөж, бүх л бичиг баримтаа устгасан байсан гэдэг. Түүнтэй цуг ирсэн туслах нь ч мөн адил тариачин хувцастай, харин бичиг баримтаа хадгалсан байсан юм байх. Өөр бусад цуг ирсэн офицерууд нь бичиг баримт, зэвсэг хэрэгсэлтэй төдийгүй дүрэмт хувцастайгаа байсан гэдэг нь мөн л олон юм хэлж өгөх биз ээ. Орчин цагт бараг л баатар болчих гээд байгаа урвагч Власов яг л ингэж хувцас хунар бичиг баримтаа устгаж, тариачин дүрээр цэргээ хаян зугтаж явсан гэдгийг нэг эргэн санахад буруугүй болов уу.
Сталин энэ бүхнийг нь өршөөн Ленинградын фронт руу явуулсан ч тэнд дахиад л бүтэлгүйтлээ.
1941 оны 9-р сард Керчийн чиглэлд байдал эрс хүндэрч ирэхэд Сталин Куликийг тийшээ явуулахаар шийдэн “Керчийг ямар ч нөхцөлд дайсанд алдахгүй байхыг” хатуу тушаан, өөрийнх нь цаашдын хувь заяа чухам энэ тушаалыг хэрхэн биелүүлэхээс шалтгаална гэдгийг ойлгуулжээ.
Харин маршал Кулик тэнд очоод олон ажил хийж эхэлсэн ч тэдгээр нь хотыг хамгаалах биш харин хотыг яаран орхих, аль болох бушуу түргэн зайлах ажил л байсан гэдэг. Угаасаа хөл толгойгоо алдах шахсан, айж сандарч үймсэн олон цэрэг, энгийн иргэд холилдсон хүмүүс хотыг орхих гэж байгааг мэдээд бүгд л зайлж зугтахыг бодож таарах нь ойлгомжтой. Ингээд хотыг хамгаалах ч юм байхгүй, зохион байгуулалтайгаар ч орхисон юм байхгүй…
Сталин ийм явдлыг яаж зүгээр өнгөрөөх билээ, маршал болон баатрын тэмдгийг нь хураан авч, намаас хөөн, хошууч генерал болгон бууруулаад бүтэн жил ямар ч ажилгүй шахам байлгасан байна.
1943 оны 3-р сард Кулик генерал Н.Ватутины удирдлага дор фронтод тулалдаж эхэлсэн боловч 9-р сард Н.Ватутин энэ бүтэлгүй, хоосон ярихаас цаашгүй, очсон газар болгондоо будлиан тарих нөхрөөс бушуухан салахын түүс болон бас л хөөн явуулж.
Урьдын том маршал зангаараа энд тэнд очихдоо мундаг юмаа ярин, байлдахаас бусдыг хийж явсаар. Согтуу хөлчүү үедээ хурал цуглаан хийж, их ярих дуртайг нь яана. Ярьж байгаа юм нь хоорондоо ямар ч авцалдаагүй, том үгсийн цуглуулга.

“Ар талын харх”-ны хуулиар нэлээд удаан амьдарсан Кулик удалгүй ихэнх гавьяа шагналаа буцаан авсан төдийгүй бүр Улаан тугийн одон нэмж авсан гэдэг. Гэтэл гавьяа байгуулахгүй ч гай болохгүй явсан энэ үл бүтэх нөхрийг 1945 оны 2-р сард дахин албан тушаалаас нь огцруулсан ба энэ удаа цэрэг армийн талаас биш харин намын талаас хэрэг мандуулсан юм байж.
Маршал байгаад генерал болсон Кулик “Фронтоос таван ширхэг машиныг хувийн хэрэглээнд зориулан ар тал руу татан авсан (хувьдаа авсан), хоёр ширхэг сүүний үүлдрийн ховор үнээг мөн гэртээ аваачсан, Москва хотын ойролцоо хувийн том байшин бариулахдаа Улаан армийн зориулалттай барилгын материалыг ашигласан, захиргаандаа байгаа цэргүүдийг шууд дайчлан ажиллуулсан, Крымд байрлах том хувийн байшинг доторх тавилга хэрэгсэлтэй нь цуг өөрийн болгосон…”
Дээр нь Куликын штаб гэдэг бол ёстой л найр цэнгээний төв байж. Хөнгөн хөлтэй хөөрхөн бүсгүйчүүд эргэлдсэн энэ штаб хавиар голцуу л согтуу хөлчүү хүмүүс хөлхөлдөх бөгөөд тухайн нутаг орны хамтрал, хоршоодын дэлгүүрийн ажилтан нар зарсан хүнс барааныхаа мөнгийг авах гэж өдөржин шөнөжин Куликыг харуулдан зогсоно. Энэ их мөнгийг бүгдийг арми төлөх нь ойлгомжтой. Ингээд ч зогсохгүй Кулик ар талд “өлсөж зовж” байгаа ар гэрийнхэндээ тус болох бөгөөд тэрээр цэргийн онгоцыг Гүрж рүү дайчлан явуулж 250 шил дарс, коньяк авчруулсныхаа 200-г нь өнөө өлсөж байгаа ар гэртээ явуулсан ба хажуугаар нь дайвар болгож 5 кг ховор түрс гэх мэтийн юм явуулсан нь нэг биш гэнэ. Өмнө дурдсан тэр олон машин, үхрийг гэртээ аваачсан нь бараг л цэргийн тусгай ажиллагаа шахам юм болсон гэх ба бүгдийг нь цэргийн онгоцоор зөөж байжээ. Дайны хажуугаар шүү.

Энэ мэт явдлуудаас болж Кулик Сталинд адлагдаж хэн ч биш боллоо. Ажил төрөл ч үгүй, нэр хүнд ч байхгүй болсон Кулик чаддагаараа ууж, элдэв чухал юм ярьдгаа л хийх ба сүүлдээ Улс төрийн товчооны Сталин, Берия, Молотов болон маршал, жанждын тэнэг мангарыг гайхан агсрах нь улам бүр ихэссээр. Мэдээж энэ тухай хов матаасууд төв рүү очиж л таараа. Берия нэг хэсэгтээ энэ архичин эрийг тоохгүй л байлаа.
Удалгүй дайны үеэр бүтэлгүйтэн, хамаг албан тушаалаа алдсан хуучин генералууд нийлж уулзалдан архи ууж, Сталиныг муулдаг, улс орныг яаж авч явах ёстойг нэг нэгэнтэйгээ зөвлөдөг тухай мэдээ ирэх болсноор Берия хөдлөн Куликийг баривчилсан байна. Иийнхүү “Гомдсон генералуудын хэрэг” гэж нэрлэгдсэн хэрэг үүссэн ба гурван жилийн турш үргэлжилсэн мөрдөн шалгалтын явцад Кулик болон түүний хамтрагч хурандаа генерал байсан Гордов, дэслэгч генерал Рыбальченко нарыг Зөвлөлт засгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр буудах ял оноон цаазалсан байна.
1957 онд Куликыг цагаатган ЗХУ-ын Баатар болон бусад бүх цол хэргэмийг нь эргүүлэн нэхэн олгожээ. Одоо Кулик нь Сталины хэлмэгдүүлэлтийн золиос болсон хүмүүсийн тэргүүн эгнээнд бичигддэг юм гэнэ лээ.
Өөр нэгэн түүх, та уншаарай: Азийн мэргэжилтэн гэгдэх маршал Блюхерийн үхлийн шалтгаан
ЗХУ-ын Алс дорнодын фронтын удирдагч маршал В.К.Блюхер нь иргэний дайны баатар, Хятадад цэргийн зөвлөхөөр олон жил ажилласан, Дорнод Хятадын төмөр замын мөргөлдөөнд ялж гавьяа байгуулсан, ер нь “Ази талдаа л №1” цэргийн мэргэжилтэн байлаа. Хэрвээ Хасан нуурын тулалдаан гээч болоогүй бол Халх голын дайнд ЗХУ-ын цэргийн командлагчаар Георгий Константинович биш харин энэ “Азийн мэргэжилтэн” л ирэх байсан болов уу. Үгүй дээ л мэргэжилтэн маршал маань холоос үнэтэй заавар зөвлөгөө өгч байх байсан биз.
Гэвч энэ хүн Халх голд ирээгүй, ирэх ч аргагүй байсан ба учир нь тэрээр 1938 оны 11 сард алдарт Лефортофын шоронд үхсэн билээ.
Иргэний дайны баатар, ЗХУ-ын маршал Блюхер яагаад Сталинд адлагдав? Тэр Хасан нуурт юу гээч болсон юм бэ?
Дорнод Хятадын төмөр замын будлианд ялалт байгуулсны дараа ЗХУ-ын Алс дорнодын армийг удирдахаар очсон Блюхер (өмнө нь бас АДБНУ гэж байхад бас хэдэн жил болсон ) нийт 20-иод жилийн турш тэнд ажиллаж, амьдарч улсын батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх ажилд амь бие хайргүй зүтгэж, асар их амжилтад хүрч байгаа тухай урам зориг бадрам рапорт олныг төв рүү явуулж байсан билээ. Хасан нуурын тулалдаанаас өмнөхөн буюу 1938 оны 5 сард болсон Цэргийн зөвлөлийн их хуралд тавьсан Блюхерийн илтгэл нь мөн л иймэрхүү утга агуулгатай байсан ба нэг бус цаг үргэлжилсэн урт илтгэл байсан гэдэг.
Энэ үе бол Японы тусламжтайгаар байгуулагдсан Манж-Го улс бий болж хавь ойрынхонтойгоо хилийн маргаан хийж, энд тэндгүй элдэв жижиг мөргөлдөөн байнга гарах болсон цаг бөгөөд эдгээр мөргөлдөөнүүд цаг улирах тусам, бүр сүүлд Монголын нэгэн улс төрийн тоймчийн хэлж байсан шиг шатлан өргөжиж байсан цаг билээ. Харин Монголын тэр тоймч Персийн булан дахь дайн дуусаад 10-аад цаг өнгөрч байхад л дайныг шатлан өргөжүүлсээр байсан бол бидний ярьж байгаа үе буюу 1930-аад оны сүүлээр, Алс дорнодод хэзээ мөдгүй дайн гарч магадгүй болж, мөргөлдөөн, будлиан нь жинхэнэ утгаараа шатлан өргөжиж байсан тийм л үе байлаа.
ЗХУ-ын Алс дорнод дахь НКВД-гийн салбарын удирдагч Генрих Люшков гээч зугтан гарч Япон ноёдын өмнө очин өч төчнөөн нууц мэдээлэл дэлгэснээс хойш буюу 1938 оны 6 сараас Хасан нуурын орчим байдал эрс хурцдаж эхэлсэн байдаг. Орос Хятадын (Манж Чин улсын) 1886 оны гэрээгээр энэ бүс нутгийн хилийг тогтоосон байдаг боловч яг газар дээрээ хилийн шугамыг чухам нуурын эргээр юм уу эрэг дээр байрлах өндөрлөгөөр тооцох уу гэдэг нь бэрхшээлтэй байснаас энэхүү мөргөлдөөнүүд гарч байжээ.
1938 оны 6-р сарын сүүлчээр ЗХУ-дахь Японы хэргийг хамаарагч Ниси Хасан нуурын орчим дахь Манж-Го улсын хил рүү орсон цэргүүдээ гаргах зэрэг шаардлага тавьж биелүүлээгүй тохиолдолд цэргийн хүч ч хэрэглэж болохыг ЗХУ-д сануулсан байна.
Байдал нэгэнт ийм дээрээ тулсан хойно Москва ч Алс дорнодын цэргүүддээ байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгчээ.
Маршал Блюхер тушаал хэрхэн яаж биелүүлэв?
Тэрээр Москвагаас ирсэн Михелис мэтийн зарим нэг төлөөлөгчөөс нууцаар тусгай комисс гээчийг гарган хилийн будлианыг шалгуулахаар явуулсан ба тэрхүү комиссдоо (Блюхерийн цэргийн штаб ч энэ тухай мэдээгүй байсан гэдэг баримт бий) хилчдээс ганц ч хүн оруулаагүй байна. Комиссын шалгалтаар “ЗХУ-ын хилчид хил зөрчин, 3 метр (!) гаруй хил рүү орон төмөр тор татсаныг илрүүлэн, устгасан ба тухайн бүсийн хилийн цэргийн дарга нар болон бусад холбогдох этгээдийг яаралтай баривчлан хатуу шийтгэх” санал бүхий рапортыг Москва руу явуулжээ.
Барууны хэвлэлүүд энэ явдлыг түмний доог, шившиг гэж нэрлэсэн байдаг бөгөөд хамгийн гол нь хилийн нэгэн будлиан маань одоо ЗХУ бусдын хил рүү халдсан, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн тухай явдал болон хувирсан хэрэг боллоо.
Ингээд 8-р сарын 29-нөөс эхлэн мөргөлдөөн маань жижиг хэмжээний дайн болж хувирсан ба япончууд 8 сарын 1 гэхэд нуурын эрэг дээрх хэд хэдэн өндөрлөгийг эзлэн авч бэхэжсэн байна. (нийтлэл маань Хасан нуурын тулалдааны тухай биш Блюхерийн тухай учир тулалдааны деталь ярихгүй)
Аль эрт байлдааны бэлэн байдалд байж, дайсныг дарах ёстой нөгөө Алс Дорнодын Фронтын арми нь арай чүү гэж мөргөлдөөний бүсэд очсон ба зарим явган цэргийн ангиуд бүр ямар ч зэвсэггүй ирсэн байдаг. Хэд хэдэн танк, их буу намгаар гарч чадалгүй зоогдсон бол Япончуудыг бөмбөгдөх ёстой агаарын бөмбөг дотор химийн бөмбөг хүртэл байсан байна.
Нэгэнт бэхэжсэн япончуудыг хөөхөөр ямар ч бэлтгэлгүй, яаран сандран хийсэн довтолгоо нь бүтэлгүйтэж толгодоор дүүрэн орос цэргийн хүүр үлдсэн гэдэг ба япончуудын эзэлж байгаа толгод, нуур хоёрын дунд гацсан цэргүүд яаралтай тусламж, нисэх хүчний дэмжлэг хүсэхэд Блюхер “нутгийн энгийн номхон Солонгос иргэдийг хохироохгүйн тулд” нисэх хүчин ашиглахыг хориглосон байна.
Хилийн мөргөлдөөний бүсэд ямар гээч энгийн номхон ард байсныг тодорхойлсон баримт байдаггүй гэдэг. 8-р сарын 1-нд Сталин Блюхертэй холбогдон Молотов, Ворошилов нарын хажууд доорхи үгийг хэлжээ: “Нөхөр Блюхер! Та япончуудтай жинхэнээрээ тулалдах сонирхол байна уу, үгүй юу? Хэрвээ тийм хүсэл байхгүй бол коммунист хүний хувьд ил тод хэлэх хэрэгтэй, хэрвээ тулалдах сонирхолтой бол яаралтай очиж арга хэмжээ авах нь зөв гэж бодож байна” гэжээ.
Блюхер маргааш нь хил дээр очсон ба (маргааш нь гэдгийг зарим нэг нь их онцолдог боловч энэ нь цагийн зөрүүтэй холбоотой болов уу) ямар нэг тодорхой үүрэг даалгавар өгч удирдлагыг гартаа авах биш харин ч 1-р армийг удирдлагагүй болгож, замбараа муутай байсан юмыг бүр холион бантан болгож тавьсан байна.
Энэ талаар нэг сонин баримт байдаг билээ.
Блюхер мөргөлдөөн болж байгаа газар нутаг дээр очоод Москватай холбоо барихаас зугтаж байсан ба 3 хоногийн турш ингэж муур хулгана болж байсан гэдэг. Энэ үед холбооны хувьд ямар ч бэрхшээлгүй, Москва Блюхерээс бусад хэнтэй ч, хэзээ ч, хүссэн үедээ холбогдож байсан байна.
Москва Блюхерийн орлогч нарын нэг болох Штернээр цэрэг удирдуулан япончуудыг өндөрлөгөөс хөөх шийдвэр гаргасан ба 2 дахь оролдлогоороо буюу 6-9-ний хооронд өндөрлөгөөс япончуудыг хөөсний дараа 8-р сарын 11-нд япончууд хэлэлцээ хийх санал тавьжээ.
Блюхерийн армийн бэлтгэгдсэн байдал

Алс дорнодыг батлан хамгаалахад асар их үйлс бүтээж байсан гэх тэр маршалын бэлтгэсэн арми Хасан нуурын тулалдаанд ямархуу байгаа нь харагдсан билээ.
Огт буу, зэвсэггүй бүхэл бүтэн нэгтгэл (буудлагын 32-р дивиз) тулалдааны талбарт очсон, байлдааны сумтай холилдсон сургуулийн сум, мөргөлдөөн болж байгаа орчны газрын зураг бараг байхгүйтэй адил, нисэх хүчин нь бөмбөгдөхөөр хөөрсөн хойно андуурч авчирсан химийн бөмбөг зөөж яваагаа мэдэж, хүнгүй газар хаясан, анги нэгтгэлүүдийн хоорондох уялдаа холбоо маш муу, танк их буу зэрэг хүнд зэвсгийн тулалдааны бус хохирол их…
Блюхерийн бэлтгэсэн арми ийм л байсан байна. Тэрээр өмнөхийг тооцохгүйгээр сүүлийн 9 жилийн турш Алс дорнодод бараг хаан байхдаа цэрэг дайны зориулалттай ганц ч зам бариагүй бөгөөд томоохон дайн гарахад 2-3 хан гүүр дэлбэлээд Алс дорнодыг Москвагаас бүр мөсөн тасалж болох байсан нь мөргөлдөөний дараа хийсэн мөрдөн шалгалтаар тодорхой болсон байдаг.
Дайны хохирол
Энэ жижиг дайнд ЗХУ-ын гаргасан тооцоогоор (ура-патриотууд иймэрхүү тоог хүлээж авдаггүй. Харин либералуудад маш сайхан тоо юм шиг ) ЗХУ-ын 792-980 цэрэг алагдсан (одоо хүртэл цогцос олддог), 2572 цэрэг шархтсан, 5 танк, 4 нисэх онгоцны хохирол амсжээ. Харин Японы 650 цэрэг алагдан, 2000 гаруй цэрэг шархадсан.
Японы талын тооцоогоор
ЗХУ-ын 1100 цэрэг алагдаж, сураггүй болсон, 3000 цэрэг шархадсан бол Япон 526 цэргээ алдаж 1000 гаруй цэрэг нь шархаджээ.
(Японы тагнуулын байгууллагын эзэн хаандаа явуулсан нууц мэдээгээр Хасан нуурын орчимд япончуудын хохирол бараг 2000 хүрч байсан гэдэг батлагдаагүй мэдээ энд тэнд явдаг.)
Хохирлын тоо хэмжээг харахад ЗХУ-ын хохирол нэлээд их байгаа мэт боловч япончууд хүнд техник хэрэглээгүй гэдгийг тооцох юм бол нөхцөл байдал бүр аймшигтай харагдах нь тодорхой байх.
Энэ дайнд ЗХУ ТБ3 бөмбөгдөгч хэрэглэсэн байдаг ба энэ бол стратегийн гэж хэлж болох хүнд бөмбөгдөгч . Дэлхийн 2-р дайны үед хэрэглэж байсан ЗХУ-ын фронтын бөмбөгдөгч СУ-2, ПЕ-2, ТУ-2-оос хамаагүй том, хамаагүй илүү их бөмбөг тээх чадалтай “моралийн элэгдэлд” орж байсан тийм л онгоц билээ. Нэг дор 40 гаруй ТБ3 тэр хэдэн толгодыг бөмбөгдөхөд амьд юм үлдсэн нь юу л бол. Тэр толгод ч гэсэн.
Блюхер гэж хэн байв аа?

Алс Дорнодод 10-аад жил хамгийн том дарга байсан энэ хүн 3 удаа эхнэр сольж, хатуу юманд, ялангуяа коньякт дэндүү шунан дурласан гэдэг ба зарим нэгнийх нь яриагаар бүр “морь-сарлаг”-гүйгээр ганц өдөр ч байж чадахаа байсан, жинхэнэ тойрон хүрээлэгчтэй тийм л хүн байсан гэдэг. Хасан нуурын орчимд болсон мөргөлдөөний үеэр маршал маань эрүүл ухаантай байж чадалгүй байсаар дууссан гэдэг ч хүн бий.
Нөгөө талаар Блюхерийг Японы тагнуул байсан гэдэг бөгөөд түүнийг яллах тогтоолд чухам ингэж заасан байдаг. Алс дорнод дахь армийн офицеруудын дунд ийм яриа маш их байсан ба Япон дахь “хоёр талын тагнуул” (бүр 3 талынх ч байж магадгүй) Рихард Зоргегийн ирүүлсэн мэдээ дотор ч Блюхерийн тухай дурдсан байдаг билээ.
“Маршал Блюхер бол салан тусгаарлах бодол санаатай нэгэн гэсэн яриа энд их явдаг ба анхны шийдмэг хүчирхэг цохилтын дараа Японд ашигтай гэрээ байгуулахад Блюхер хэрэг болно гэж үздэг буурьтай хэсэг бий” гэж 1937 оны 12-р сард бичиж байжээ.
Ямар ч бай 1938 оны 8-р сарын 31-нд болсон Цэргийн зөвлөлийн их хурлаар Блюхерийг албан тушаалаас нь буулгасан ба 10 сарын сүүлээр баривчилсан байдаг. 8-р сарын сүүлээс 10-р сарын сүүл хүртэл энэ хүн салдаггүй архи дарснаасаа бүр ч салахаа больсон гэдэг ба 11 сард шоронд үхэхдээ архины солиорол, хэт хордолт зэргээс болсон гэх баримтууд бий. (шоронд зодуулж, бараг л Берия өөрөө зодсоор байгаад алсан маягийн юм интернэтээр их бий)
Хасан нуурын тулалдаанаас япончуудын авсан сургамж нь Оросууд 1904-1905-оны дайнаас ахиагүй, мөн л зохион байгуулалтгүй, маневрлан байлдах чадвар сул гэсэн дүгнэлт байлаа. Гэхдээ мөргөлдөөний цар хүрээ, газар нутгийн орчин нөхцөл бүрэн дүүрэн дүгнэлт хийхэд хангалтгүй байсан ба чухамхүү дараагийн томоохон дайнаар ЗХУ-ын Ажилчин Тариачны Улаан Армийн хүчийг шалгасан билээ. Тэр дайн бол Монгол Улсын дорнод хил дээр болсон Халх голын дайн байв.
Хасан нуурт ЗХУ-ын мянгаар тоологдох цэргийн амиар тоглосон, магадгүй Халх голын дайны эх суурийг тавилцсан байж болох Блюхерийг 1956 онд Хрушев гэм буруугүй гэж үзэн цагаатгасан байдаг.
Хрушевын цагаатгалын үеэр Блюхер хэмээх хүний тухай дахиад эерэгээр ярьж эхлэн, цуст Сталины золиос болсон тухай суртал ухуулга сайн явсан нь мэдээж.
1990-ээд онд ЗХУ задран бутарсны дараа либералууд Блюхерийг ямархуу өөдгүй хүн байсан тухай шуугиж байсан бол (тэр үед сайнаар яригдах хүн байгаагүй), Сталины бузар булайг уудалж эхлэх үед Блюхер эргээд хэлмэгдсэн, хохирсон хүний нэг төлөөлөл болдог.
Ингэж цаг үеийн бужигнаан болгонд яс нь өндөлзөж байдаг хүмүүсийн нэг болох Блюхерийн тухай, Хасан нуурын орчимд болсон мөргөлдөөний тухай ноён нуруутай бичих гэж чадан ядан хичээлээ.