Социализмын үед Монгол орон улс орноо цэргийн хүчээр батлан хамгаалах, ЗХУ, түүнчлэн ах дүү социалист орнуудын Алс Дорнодын бүс нутгийн аюулгүй байдал, цэргийн үйл ажиллагаанд хавсарга маягаар цэргээ ашиглах үүрэг хүлээж байв.
Гэхдээ Монгол цэрэг Зөвлөлт нөхдөөс дайн, цэргийн урлагийн талаар ихийг суралцсан билээ. Өнөөг хүртэл манай Зэвсэгт хүчний бүх шатны офицерууд тэр үеийн стратеги, тактик, оперативийн урлагийн уламжлал, туршлага, сургамжийг судалж, сургалт бэлтгэлдээ хэрэглэсээр байна.
1960-1990-ээд он бол армийг өргөтгөн зохион байгуулсан он жилүүд байсан бөгөөд “Хятад улс бидний дайсан-№1” хэмээж байсан үе. “Хэрлэн-73”, “Говь-77”, “Найрамдал-79”, “Зоргол-87” томъёолсон нэртэй томоохон хээрийн сургуулиудыг хийж байв.
Монгол Улсын баатар, БХЯ-ны сайд
хурандаа генерал Ж.Лхагвасүрэн
Ийм хамтарсан сургуулиудын анхных нь 1968 онд болсон гэдэг. Хээрийн сургуулийн ажиллагааг манай талаас “Залуу жанжин” хэмээн алдаршсан Монгол Улсын баатар, БХЯ-ны сайд хурандаа генерал Ж.Лхагвасүрэн удирджээ. Энэ сургуульд Ардын армийн 3000 шахам хүн, 600 орчим машин техник оролцсон байна.
Түүний дараа явагдсан, 40 жилийн тэртээ болсон “Хэрлэн-73” хээрийн сургууль нь Монгол цэргийн урлагт үлэмж хувь нэмэр оруулсан. Монгол-Зөвлөлтийн хээрийн сургууль манай тал нутагт явагдаж дэлхийн нийтэд Монголын Ардын армийн хөгжлийн нэгэн үе шатыг харуулсан билээ 1973 оны тавдугаар сарын 13-23-ны хооронд явагдсан “Хэрлэн-73” хээрийн сургууль нь далайц, цар хүрээ, оролцсон бүрэлдэхүүн, зэвсэг техникээрээ тухайн цаг үедээ богино цаг хугацаа, том орон зайг эзэлж, цэргийн урлагийн хөгжилд ч их өөрчлөлтийг оруулжээ. Энэ сургуулийг БХЯ-ны сайд армийн генерал Б.Дорж удирджээ.
“Хэрлэн-73” хээрийн сургуульд МАА-ийн мотобуудлагын тусгай бригад, Цэргийн Ерөнхий Дээд сургууль, мотобуудлагын тусгай батальон, зенит артиллерийн тусгай хороо, холбоо, бага даргын сургууль, инженер, химийн тусгай батальон зэрэг МАА-ийн үндсэн нэгтгэл ангиуд оролцсон байна. Түүнчлэн офицер1269, ахлагч 578, хугацаат албаны цэрэг түрүүч 6457, түүний дотор барилгын цэргийн 331 албан хаагчид, бэлтгэлээс офицер, цэрэг түрүүч 500, 1400 хөдөлгүүр дайчлагджээ. Мөн Зөвлөлтийн армиас Өвөр Байгалийн цэргийн тойргийн командлал, армийн штабын бүлэг, артиллери, танкийн хороо, мотобуудлагын ба авиацийн анги салбарууд оролцов.
Энэ хээрийн сургуулийн зардалд төсвөөс 2198,8 төгрөг зориулсан бөгөөд нэгтгэл ангиудын автомашин тус бүр 800-1000 км, өөрөө явагч суурь бүр 18-20 мото/цаг, тээврийн нисэх онгоцууд 16 мото/цаг, инженерийн хүнд техникүүд 50-150 мото/цаг зарцуулсан байна. Давшилт, хориглолтын маневрын гүн нь 30-50, маршийн хурд өдөр 25-40, шөнө 20-30 км/цаг байв.
МАА-ийн голлох нэгтгэл, ангиудын байлдааны бэлэн байдалд шилжих чадвар, маршийн бололцоо, тактикийн нормативыг шалган зөвлөмж боловсруулах, нийслэлийн цэргийн хэлтэс, мотобуудлагын тусгай бригадын дайчилгааны бэлэн байдал, Монгол-Зөвлөлтийн цэргийн хамтын ажиллагааны зарим асуудлыг тодотгох, төр засгийн удирдагчдад армийн хээрийн дадлагын түвшинг бодитоор харуулахыг армийн командлал сургуулийн зорилгоо болгон амжилттай хэрэгжүүлжээ.
“Хэрлэн-73” сургуулиар анх удаа цөмийн цохилтын нөхцөл байдлыг дууриалган үзүүлж, энэ үед байлдах аргыг боловсруулан, учрах үр дагавар, уршиг, хөнөөлийг арилгах, цохилтонд өртсөн анги, салбарыг нөхөн сэргээх ажиллагааг зохион байгуулсан нь шинэлэг арга хэмжээ болов.
Үүний тулд холимог бүхий 27 торх, 350х100 метр талбайд химийн фугас (фугас гэж онилсон байд хүргэсэн бодисын химийн урвалын үр дүнд дөл, дулаан буюу аль алины үйлчилсний улмаас объектод гал гаргах буюу хүнийг түлэх үндсэн зориулалт бүхий зэвсэг, байлдааны хэрэгсэл) тэсэлжээ.
Мөн “цөмийн цохилт”-ын хор уршгийг арилгах сургууль буюу үүргийг хими хамгаалалтын тусгай батальон гүйцэтгэсэн байна. Мөн цаг уурын хөдөлгөөнт станцыг анх удаа ашиглан Зөвлөлт, Монгол, Хятад, Японы цаг уурын станцуудаас бүгд 25000 бүлэг мэдээ авч нэгтгэл, ангиудыг хэрэгцээтэй мэдээллээр хангаж ажиллажээ.
Архивын ил баримт, ном сурвалжаас харахад тэр үеийн хэллэгээр ах дүү армиудын бараг л бүх төрөл мэргэжлийн цэргүүд, зэвсэг техникүүд энэ сургуульд оролцож, тавигдсан шалгууруудыг амжилттай давжээ.
Хоёр улсын хамтарсан “Хэрлэн-73” хээрийн сургууль тавьсан зорилгоо хэрэгжүүлж Зүүн өмнөд Азид Монголын Зэвсэгт хүчний чадавхийг харуулсан төдийгүй, Монголын Зэвсэгт хүчний цаашдын хөгжил бэхжилтэд туршлага, сургамжаараа ихээхэн хувь нэмэр оруулсан гэж судлаачид үздэг.
Бэлтгэл дэд хурандаа С.Өлзийдүүрэн